logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Davos 2025
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ДЭЗФ: Ирэх 5 жилд их өгөгдлийн мэргэжилтэн, финтек инженерийн ажлын байр хамгийн эрчимтэй нэмэгдэнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 24 10:00
    1052

    Зургийг: WEF

    Хиймэл оюуны өсөлтийг даган ажлын байрны эрэлт хувьсаж, 2025-2030 онд хамгийн эрчимтэй нэмэгдэх "Топ" 10 ажлын байрны ес нь технологийн салбартай холбогдохоор байна

    Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд анх удаа “Z үеийнхэн”, “Мянганыхан” зэрэг таван үеийн төлөөлөл хамтдаа ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нь ажиллах хүчний шинэ эрин үеийн суурь болж буйг Дэлхий Эдийн Засгийн Форум (ДЭЗФ) хоёр жил тутам гаргадаг “Ажил, мэргэжлийн ирээдүй” судалгааны тайландаа онцолсон байна.

    55 улсын 1000 гаруй ажил олгогчийн байр суурийг нэгтгэсэн энэ оны тайланд хэд хэдэн сонирхолтой дүгнэлт гарчээ.

    Хиймэл оюун чиглүүлнэ

    Технологийн хувьсгал, тэр дундаа генератив хиймэл оюуны ахиц дэвшил нь салбар бүрийн бүхий л мэргэжлийг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлж буйд ДЭЗФ-ын энэ удаагийн тайлан төвлөрсөн байна.

    Технологийн дэвшил, хүн ам зүйн өөрчлөлт, гео-эдийн засгийн хурцадмал байдал зэрэг хүчин зүйлсийн нөлөөг хамтатган авч үзсэний дүнд 2030 он гэхэд олон улсын хэмжээнд 170 сая ажлын байр шинээр бий болох бол 92 сая ажлын байр үгүй болж, цэвэр дүнгээр нийт ажлын байр 78 саяар өснө гэж ДЭЗФ тооцоолжээ.

    unnamed (2).jpg

    Үүнээс гадна ажил олгогчдын 63 хувь нь ур чадварын асуудалтай нүүр тулаад буй өнөө үед 2030 он гэхэд ажилд ороход шаардагддаг ур чадварын 40 хувь нь өөрчлөгдөх төлөвтэй аж. Тухайлбал: хиймэл оюун, их өгөгдөл болон цахим аюулгүй байдал зэрэг технологийн чиглэлийн ур чадварын эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөн нэмэгдэхээр байна.

    Хэдий тийм боловч бүтээлч сэтгэлгээ, уян хатан байдал зэрэг хүн төвтэй ур чадварууд чухал хэвээрээ үлдэж, тэдгээр чадваруудыг давхар эзэмшсэн ажиллах хүчний эрэлт хамгийн өндөр байна гэж ДЭЗФ үзжээ.

    Ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх вэ?

    Хиймэл оюуны өсөлтийг даган ажлын байрны эрэлт хувьсаж, 2025-2030 оны хооронд хамгийн эрчимтэй нэмэгдэх топ 10 ажлын байрны ес нь технологийн салбартай холбогдохоор байна. Их өгөгдлийн мэргэжилтнүүд эрэлтээр тэргүүлэх бол финтекийн инженер, хиймэл оюун ба машин сургалтын инженер, программ хөгжүүлэгч удаална гэж ДЭЗФ тооцоолсон байна.

    unnamed (3).jpg

    Харин ажлын байрны тоогоор тооцвол ферм, хөдөө аж ахуйн ажилтнуудын шинээр бий болох орон тоо 2030 он гэхэд 35 саяар нэмэгдэх төлөвтэй нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Ногоон шилжилтийн чиг хандлага, тэр дундаа нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байгаа нь тус салбарт ажиллах хүчний эрэлт өсөхөд түлхэц болох аж.

    Үүнээс гадна хүргэлтийн жолооч, барилгачин, борлуулалтын ажилтан, хүнс бэлтгэн нийлүүлэлтийн ажилтны орон тоо өсөлтөөрөө эхний тавд багтахаар байна.

    Харин нөгөө талд кассчин, теллер, шуудан ангилагч зэрэг механик ажиллагаа шаарддаг, бичиг хэргийн мэргэжлүүдийн эрэлт ирэх таван жилд хамгийн өндөр дүнгээр буурах тооцоо гарчээ.

    Cэтгэгдэл бичих