
Зургийг: Christopher Goodney/Bloomberg
Тэрбумтан Уоррен Баффетын “Berkshire Hathaway” компани удаан хүлээлгэсэн хувьцаа эзэмшлийн тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. “Domino’s Pizza”-ийн хувьцааг ихээр авч, “Apple”-д эзэмшдэг хувьцаагаа бууруулсан зэрэг Уоррен Баффетын зарим онцлох арилжаанууд тус тайлангаас харагдсан ч хамгийн сонирхолтой нь компанийн бэлэн мөнгөний нөөц байв.
Бэлэн мөнгө хураасаар
III улирлын байдлаар “Berkshire Hathaway”-ийн бэлэн мөнгө 325 тэрбум ам.доллар хүрсэн нь компанийн бүх цаг үеийн хамгийн өндөр, тэр дундаа өмнөх оны эцсийн дүнгээс бараг хоёр дахин өндөр дүн болжээ. Энэхүү нүсэр хуримтлал нь мөн Уоррен Баффетын дуртай үзүүлэлт болох хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон АНУ-ын эдийн засгийн харьцаа түүхэн дээд түвшинд хүрээд буй үетэй давхцаж байна.
Эдгээр хүчин зүйлс хосолсноор Уоррен Баффет зах зээлийн дараагийн уналтад бэлтгэж байна гэж дүгнэж болох ч үнэндээ түүний ийм алхам маш бодлоготой, гярхай байдаг бөгөөд хөрөнгө оруулагчдад ч сургамжтайг “Bloomberg Opinion”-ийн нийтлэлч Нир Кайссар бичжээ.
Ойрын хугацаанд зах зээл хаашаа чиглэхийг урьдчилан тооцоолж чадахгүйгээ Уоррен Баффет хүлээн зөвшөөрдөг. Харин тэр юу чаддаг вэ гэвэл хэр хэмжээний хувьцаа урт хугацаандаа ашиг хүртээх магадлалтайг тооцоолж, үүнийг ашиглан хөрөнгө оруулалтын багцынхаа хэдэн хувийг хувьцаанаас, хэдэн хувийг бэлэн мөнгөнөөс бүрдүүлэхээ шийддэг юм.
Энэ бол хөрөнгө оруулагчдын санаж явах ёстой маш чухал ялгаа. Арилжаа хийхээсээ өмнө та дараах хоёр асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
- Би зах зээлийн урьдчилсан тааварлах боломжгүй огцом эргэлт, хөдөлгөөнд мөрий тавьж байна уу? - Энэ бол муу стратеги.
- Би бусад хөрөнгө оруулалтаас илүү өгөөж хүртээнэ гэж тооцоолж олон жилийн хөрөнгө оруулалт хийж байна уу? - Энэ бол сайн стратеги.
Гайхалтай, гэхдээ энгийн
Чухам энэ л ялгаж салгах чадвар Уоррен Баффетын шийдвэрт удаан хугацаанд хөтөч болжээ. “Berkshire Hathaway”-ийн хөрөнгөд бэлэн мөнгөний эзлэх хувь ямагт хэлбэлзэлтэй байсаар ирсэн бөгөөд тухайлбал: 1994 онд нэг хувь байсан бол өнөөдөр 28 хувь болоод байна. Түүх харвал Уоррен Баффет зах зээл өсөлттэй, хувьцааны үнэлгээ өндөр үед бэлэн мөнгөний нөөцөө тогтмол өсгөж, тэр чинээгээр хүртэх өгөөж нь багасаж байжээ. Харин зах зээлд боломж нэмэгдэх үед бэлэн мөнгөний нөөцөө хумьж байсан байна.
2008 оны Дэлхийн санхүүгийн хямралын үеийг жишээ болгоё. Интернэт зах зээлийн хөөс хагарсны дараа зах зээл сэргэсэн 2002 онд Уоррен Баффет бэлэн мөнгөний нөөцөө дорвитой нэмэгдүүлж, 2005 он гэхэд хөрөнгийнхөө 25 хувьд хүргэжээ. Харин бусад хөрөнгийнх нь үнэлгээ өссөнтэй холбоотойгоор 2006 оноос бэлэн мөнгөө бууруулж эхэлсэн байна. Улмаар 2007 оны эцсээр айсуй хямралын дохио хувьцааны зах зээлийг унагах үед тэрбээр бэлэн мөнгөө эрчимтэй хөрвүүлж, 2010 он гэхэд хөрөнгийнхөө ердөө долоон хувийг бүрдүүлэх болсон байна. Хямралын оргил үед тэрбээр “Goldman Sachs”-д цуут хөрөнгө оруулалтаа хийж байлаа.
Тэгэхээр Уоррен Баффет үүнийг яаж мэдэв? Хөрөнгийн үнэлгээ болон ирээдүйн өгөөж урвуу хамааралтай байдаг энгийн зарчмыг тэр ашиглажээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө үнэтэй байвал ирээдүйд хүртээх өгөөж нь бага байх хандлагатай, харин хямд байвал эсрэгээрээ гэсэн үг юм.