
Зургийг: ulaanbaatar-airport.mn
Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлээд буй энэ үед солонгос жуулчдын тоо 2023 оны үзүүлэлтийг давтах, эсвэл давах шинжүүд ажиглагдаж эхэлжээ.
Таатай үе
Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харвал 2023 оны тавдугаар сард БНСУ-аас 7.2 мянган жуулчин ирж байсан бол энэ оны тавдугаар сард хоёр дахин нэмэгдэж, 14 мянга хүрчээ.
Өнгөрсөн оны зунаас хойш БНСУ-ын алдартай жүжигчдийн оролцсон шоу, сошиал сүлжээнд олон дагагчтай инфлюенсерүүдийн контент хандалт сайтай байсны үр дүнд энэ онд солонгос жуулчдын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн манай талаас ч тус улсын жуулчдыг татах хүчин чармайлт гаргаж, ялангуяа өвлийн аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд зарлаж байв.
БНСУ-ын иргэдийн визийн чөлөөлөлтөөс гадна хоёр улс хоорондын нислэгийн давтамж, аяллын компаниудын багц үйлчилгээ гэсэн суурь хүчин зүйлс ч жуулчдын урсгалд нөлөөлж буй.
Сүүлийн жил гаруйн хугацаанд БНСУ, Монгол Улс хооронд шууд нислэгийн хоёр ч шинэ чиглэл нэмэгдэж, өдгөө тус улсын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан зэрэг таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болоод байгаа юм. Түүнчлэн аяллын хөтөлбөрийн тухайд 2023 оны VI-VIII сарын хооронд солонгос жуулчдын захиалсан Монголын аяллын багц хөтөлбөрийн тоо өмнөх оноосоо 284.3 хувиар өссөнийг “JoongAng Daily” сонин мэдээлжээ.
Арилгах хэрэгтэй саадууд
Зуны оргил саруудад Монголыг зорих БНСУ-ын зорчигчдын тоо нэмэгдэнэ гэж бид таамаглаж байна. Энэ хүрээнд нислэгийн тоогоо есдүгээр сарын 30-ныг хүртэл нэмэгдүүлж, долоо хоногт найман удаа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Цар тахлаас өмнө солонгос жуулчид Монгол руу группээр аялдаг байсан бол цар тахлын дараа энэ хандлага бага зэрэг өөрчлөгдсөн. Солонгост ховор харагдах өргөн уудам тал нутаг, нуур, говь цөл зэрэг нь амгалан тайван, сэтгэл татам газруудыг хайх болсон мянганыхан болон Z үеийнхний анхаарлыг их татаж байгаа.
Улаанбаатар хот шинэ нисэх буудалтай болсноор хүлээн авах нислэг, зорчигчдын тоо эрс нэмэгдсэн ч бүртгэлийн цэг дутмаг, зорчигчдын тав тухыг хангах ресторан зэрэг цэгүүд цөөн, агаарын тээврийн компаниудын оффисын талбай жижиг зэрэг засаж сайжруулах хэрэгтэй асуудлууд байгааг 1996 оноос хойш Монгол руу нислэг үйлдсэн “Korean Air” компанийн төлөөлөгч хэлж байлаа.
Харин жуулчид ирсний дараах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, дахин ирэх сэдлийг төрүүлэхэд нэн чухал ач холбогдолтой зам харилцаа, түр амрах үйлчилгээний газар, ариун цэврийн байгууламж, жуулчны бааз, зочид буудлын хүрэлцээ гэх мэт хүчин зүйлс сорилт болсоор байх төлөвтэй. Монголд ирсэн солонгос жуулчдын 20-30 хувь нь л дахин ирдэг болохыг өнгөрсөн онд Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос мэдээлж байжээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com