
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Японы автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын томоохон технологийн компаниудтай хамтарч эхэллээ. Энэ нь БНХАУ-ын хэрэглэгчдийн эрэлтийг сэргээх зорилготой аж. Сүүлийн хэдэн долоо хоногт “Toyota Motor” хиймэл оюун, үүлэн тооцоолол зэрэг чиглэлд БНХАУ-ын технологийн тэргүүлэгч компани “Tencent Holdings”-той хамтран ажиллах болсноо зарласан юм. Мөн “Nissan Motor” хиймэл оюун болон ухаалаг хянах самбарын чиглэлд “Baidu” компанитай хамтрахаар болжээ.
Эдгээр түншлэл нь гадаадын автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын компаниудад алдсан зах зээлээ эргүүлэн нөхөх сорилттой тулгарч буйг харуулж байна. БНХАУ-ын дотоодын компаниуд хэрэглэгчдийн өндөр шаардлагад нийцсэн технологид суурилсан автомашинуудыг нийлүүлж байгаа нь давуу тал үүсгээд байгаа аж. Үүний улмаас Японы компаниуд үйлдвэрлэл болон ажиллах хүчнээ танахад хүрчээ. Үүгээр ч зогсохгүй “Mitsubishi Motors” компанийн хувьд БНХАУ-ын зах зээлээс гараад байгаа юм.

Японы автомашины брэндүүд тус зах зээлд улам бүр хойно хоцорч байна. Оны эхний улиралд Японы компаниуд автомашины борлуулалтын ердөө 15 хувийг эзэлснийг тус улсын Автомашины технологи, судалгааны төвөөс тайлагнажээ. Эсрэгээрээ БНХАУ-ын компаниудын борлуулалт эрс өсөж, 53 хувьд хүрсэн байна. Үүнд “BYD” зэрэг компаниудын цахилгаан автомашины нийлүүлэлт голлон нөлөөлж байгаа аж.