
Зургийг: Bloomberg/Tang Chhin Sothy/AFP/Getty Images
Зүүн Өмнөд Азийн Камбож улсын түүхэн дурсгалт Анкор Ват сүм, мөн бусад сүмийн тууриудад алдартай видео тоглоомыг дуурайн гүйж харайх нь сошиал орчинд тренд болж буйд соёлын өв хамгаалагчид сэтгэл зовних болжээ. Хандалтын төлөөх уг уралдаан нь 900 шахам жилийн настай цогцолборыг сэвтээж, засагдашгүй эвдрэл үүсгэх эрсдэлтэйг тэд анхааруулж байна.
“Temple Run” видео тоглоомын танил аяыг дэвсэн нарийхан чулуун жимээр гүйж, гүүрэн гарц дээгүүр харайж буй аялагчдын богино бичлэгүүд “TikTok”, “Facebook”, “YouTube” болон бусад платформ дээр давлагаалж байгаа юм. Зарим бичлэг хоёр сая гаруй хандалт авч, түүнээс санаа авсан бусад бичлэгүүд ч өдөр бүр тавигдсаар байна.
Мянга гаруй жилийн настай Анкор Ват сүмийн туурийг хадгалж хамгаалахад 30 гаруй жилийг зориулсан байгаль хамгаалагч Саймон Уоррак эвдрэл гэмтэл үүсэж болзошгүйд, мөн шашин, соёлын дурсгал дээгүүр хамаагүй гүйлдэн харайж байгаад сэтгэл зовниж байгаа аж.
“Ромын Гэгээн Петрийн цогчин дуган, ер нь барууны аль ч сүмд хүмүүс гүйлдэхгүй л биз дээ. Гэтэл яагаад Камбожид гүйж болно гэж. Энэ нь зөвхөн хүмүүс чулуун дээгүүр харайж, мөргөж, шургаж унахдаа эвдрэл үүсгэх эрсдэлийн тухай биш юм. Харин сүмийн оюун санааны болон соёлын үнэ цэнийг сэвтүүлж байгаа нь асуудал юм” хэмээн Саймон Уоррак өгүүлж байлаа.
Саймон Уоррак өөртэй нь ижил асуудалд санаа зовж буй Камбожийн соёлын өв хамгаалагчид, сүмийг хариуцсан албаныхантай холбоо барьжээ. “Анкор Ват сүмийг одоо ч хүмүүс сүслэн биширдэг. Сүмийн чулуу бүр өвөг дээдсийн сүнсийг агуулдаг гэж үздэг” хэмээн тэрбээр ярьсан юм.
Түүхэн дурсгалт газрын хамгаалалт ба өсөн нэмэгдэж буй аялал жуулчлал, иргэдийн ахуй амьдрал хоорондын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэсэн асуудлыг Анкор Ватын сүмийн энэ жишээ тодхон харуулж байна. Тэр тусмаа цар тахлын дараа хүмүүс алдсан боломжоо нөхөхөөр эрчимтэй аялсаар байгаа юм. Ялангуяа инфлюэнсерүүд болон сошиал сүлжээ аялал жуулчлалыг улам эрчимжүүлж байгаа нь энэхүү трендээс харагдаж буй.
Аялагчдын замбараагүйтэл зөвхөн Камбожид гарч буй хэрэг бус. Индонез, Испани дахь аялал жуулчлалын гол цэгүүдэд ч албаныхан журамгүй аялагчдад арга хэмжээ авч эхэлжээ. Индонез улс ноцтой үймүүлэгчдийг эх нутаг руу нь буцааж байгаа аж.
Харин Анкор Ват сүмийн цогцолборын харгалзагчид интернэтийн дээрх трендийг хориглох журмыг хараахан гаргаагүй байна. Камбожийг зорих олон улсын жуулчдын тоо цар тахлын өмнөх үед арай хүрээгүй байгаа аж. Зарим камбож иргэд уг тренд жуулчдын тоог нэмэхэд эергээр нөлөөлж байна хэмээн нийгмийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ.
Амрах газраа сонгох гэж буй олон хүн нийгмийн сүлжээнээс голчлон санаагаа олдог хэмээн “American Express” компани судалгаандаа дүгнэсэн байна. Судалгаанд хамрагдсан “Мянганыхан” болон “GenZ” үеийнхний гурван хүн тутмын нэг нь аяллаар явахдаа нийгмийн сүлжээний трендийг ямар нэг байдлаар дагасан хэмээн хариулжээ. Харин тал орчим хувь нь дагагч нартаа аяллаа сонирхуулж, сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг хэмээн хариулсан байв.