
Зургийг: Julia Demaree Nikhinson/AP Photo/Bloomberg
Нэгдүгээр сарын 20-ны өдөр Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөх үед дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүд түүнийг хүрээлж байлаа. Ёслолд оролцсон Илон Маск, Жефф Безос, Марк Закерберг тэргүүтэй тэрбумтнууд тухайн үед хөрөнгийн захын өсөлтөөс даацтай хишиг хүртэж, нийт хөрөнгө нь урьд байгаагүйгээр нэмэгдээд байв.
Харин түүнээс долоон долоо хоногийн дараа нөхцөл байдал өөрчлөгджээ. Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн эхний сарууд тэрбумтнуудад нэлээн халтай тусаж, ялангуяа тангараг өргөх ёслолд оролцсон таван тэрбумтны хөрөнгө энэ хугацаанд нийт 209 тэрбум ам.доллароор буурсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Дональд Трампын сонгуулийн ялалт болон тангараг өргөх ёслол хоорондох мөчлөгт “S&P 500 Index” бүх цаг үеийн дээд түвшнээ хэд хэдэн удаа шинэчилж, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө түүнийг дагаад эрс өсөж байлаа. Дональд Трампын бодлого бизнесийн салбарт ээлтэй байна гэсэн хүлээлттэй хөрөнгө оруулагчид хувьцаа, крипто зах зээл рүү хошуурсан нь үүнд нөлөөлжээ. Тухайлбал: сонгуулийн дараах долоо хоногуудад “Tesla”-ийн хувьцааны ханш 98 хувиар өсөж дээд цэгтээ хүрсэн. Францын “LVMH” компанийн хувьцааны ханш тангараг өргөх ёслолын өмнөх долоо хоногт долоон хувиар өссөнөөр тэрбумтан Бернар Арногийн хөрөнгө 12 тэрбум ам.доллароор арвижиж байв. Бүр Дональд Трампын сошиал хаягийг 2021 онд хааж байсан Марк Закербергийн “Meta Platforms”-ийнх нэгдүгээр сарын 20-ны өмнө есөн хувиар, түүнээс хойших сар орчмын хугацаанд 20 хувиар өссөн байна.
Хэдий тийм боловч Дональд Трампын шинэ засаглал зах зээлийн өгөөжийг үргэлжлүүлэн өрдөнө гэсэн хүлээлт өдгөө талаар болоод байна. Төрийн албан хаагчдын цомхотгол, геополитикийн таамаглаагүй алхмууд, удаа дараалсан тарифын арга хэмжээнүүд зах зээлийг донсолгож, “Wall Street”-д айдас хурснаар “S&P 500 Index” түүнийг албан тушаалаа хүлээн авснаас хойш 6.4 хувиар унаад байна. Нөхцөл байдал даваа гарагт бүр муудаж, технологийн компаниудын хувьцааны ханш 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр унасны сацуу “Nasdaq 100 Index”-ийн үнэлгээнээс 1.1 их наяд ам.доллар арчигдлаа.
Сүүлийн хоёр сар орчмын хугацаанд тэргүүлэх тэрбумтнуудын хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөнийг харвал:
Илон Маск ($148 тэрбумаар буурсан)
Илон Маскийн хөрөнгө 12 дугаар сарын 17-ны өдөр 486 тэрбум ам.доллар хүрсэн нь “Bloomberg”-ийн индексэд бүртгэгдсэн бүх цаг үеийн хамгийн өндөр тоо байлаа. Сонгуулиас хойш “Tesla” компанийн хувьцааны ханш бараг хоёр дахин өссөн нь үүнд нөлөөлжээ. Түүнээс хойш тус компани энэ өсөлтөө бараг тэр чигт нь алдаад байна. Илон Маск хэт барууны улс төрчдийг дэмжсэн нь Европын хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлж, улмаар оны эхний хоёр сард “Tesla”-ийн ХБНГУ дахь борлуулалт 70 гаруй хувиар буурсан байна. Мөн БНХАУ дахь борлуулалт нь өнгөрсөн сард 49 хувиар унаж, 2022 оны долоодугаар сараас хойших доод түвшинд хүрчээ.
Жефф Безос ($29 тэрбумаар буурсан)
“Amazon” компани 2024 оны 12 дугаар сард Дональд Трампын тангараг өргөх ёслолын зардалд нэг сая ам.доллар хандивласны сацуу Жефф Безос өнгөрсөн сард Ерөнхийлөгчтэй хамт зоог барьж байлаа. Гэвч нэгдүгээр сарын 17-ноос хойш “Amazon”-ийн хувьцааны ханш 14 хувиар доошилсон байна.
Сергей Брин ($22 тэрбумаар буурсан)
Ларри Пэйжийн хамт “Google” компанийг үүсгэн байгуулсан Сергей Брин 2017 онд Дональд Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаалд өөрөө оролцож байв. Харин Дональд Трамп Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа тэрбээр 11 дүгээр сард Мар-А-Лаго дахь эдлэнд нь хамт зоог барьж байжээ. “Alphabet”-ийн улирлын тайлан төсөөлөлд хүрээгүйгээс хоёрдугаар сарын эхээр тус компанийн хувьцааны ханш долоо гаруй хувиар унасан юм.
Марк Закерберг ($5 тэрбумаар буурсан)
Оны эхэнд технологийн салбарын “Гайхамшигт 7” компани дундаас “Meta” ганцаараа огцом өсөлттэй байж, нэгдүгээр сарын дундаас хоёрдугаар сар дунд үе хооронд хувьцааны ханш нь 19 хувиар өсжээ. Гэвч түүнээс хойш энэхүү өсөлтөө бүгдийг нь алдсан байна. “Magnificent Seven” индекс 12 дугаар сарын дээд цэгээсээ өдгөө 20 хувиар буураад буй.
Бернар Арно ($5 тэрбумаар буурсан)
Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний конгломерат “LVMH”-ийн ард байдаг тэрбумтан Бернар Арно олон жилийн турш Дональд Трамптай нөхөрлөсөн нэгэн. 2024 оны турш уналттай байсан “LVMH”-ийн хувьцааны ханш АНУ-ын сонгуулиас хойш нэгдүгээр сар дуусах хүртэл 20 гаруй хувиар цойлжээ. Харин өдгөө тус компани энэхүү өсөлтийнхөө дийлэнх хувийг буцаан алдаад буй. АНУ Европын тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд 10-20 хувийн тариф ногдуулбал хэдийн хүндрэлд орсон “LVMH”-ийн борлуулалт улам суларна гэж “Morningstar”-ийн шинжээчид тооцоолж байна.