
Зургийг: Annie Sakkab/Bloomberg
Олон улсын анхаарлын төвд байгаа COP28 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлаар өндөр дүнтэй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлууд хөндөгдлөө. Тухайлбал: АНУ хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын санд гурван тэрбум ам.доллар хандивлана гэдгийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис чуулганы үеэр мэдэгджээ.
Харин Европын Холбоо хоёр жилийн хугацаанд эрчим хүчний шилжилт хийхэд 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна.
Түүнчлэн COP28 чуулганы Ерөнхийлөгч Султан Аль-Жабер газрын тос, байгалийн хийн салбарын метан хийн ялгарлыг бууруулах гэрээ санаачилснаа мэдэгдлээ. Үүнд “Exxon Mobil”, Саудын Арабын “Saudi Aramco” зэрэг 50 компани нэгдэж гарын үсэг зурсан байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд хөгжиж буй орнуудын Төрийн өмчит газрын тосны компаниудын метан хийн ялгарлыг бууруулах чиглэлд хийх ажлуудыг дэмжихээ илэрхийлээд байна. Энэ хүрээнд Дэлхийн банканд 100 сая ам.доллар хандивлахаа сүүлийн байдлаар мэдэгджээ.
Үүнээс гадна COP28 чуулганы чухал зочдын нэг тэрбумтан Билл Гейтс “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө “Улс орнууд дэлхийн дулаарлыг хоёр хэмээс доош барих Парисын хэлэлцээрийн зорилтдоо хүрч чадахгүй байж магадгүй” гээд “Хэдий тийм боловч геополитикийн асуудалтай байгаа энэ хүнд цаг үед COP28 чуулган уур амьсгалын асуудлыг шийдвэрлэхэд ахиц гаргаж байгаа”-г сайшаажээ.
Мөн “Дэлхийн дулаарлын өсөлтийг гурваас доош хэмд тогтоон барьсан тохиолдолд хүмүүсийн төсөөлж буй гамшигт үзэгдлүүд тохиохгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.