
Xinhua News Agency/Getty Images
Эзэнт гүрнээ тэлэх, дайн эхлүүлэх болон дуусгах, ядуурлыг бууруулж, дундаж давхаргаа тэлэх, алслагдмал зах зээлүүд дэх мөнгөтэй хэрэглэгчдэд хүрэхийн сацуу хямд ажиллах хүч авах гарцыг олон улсын компаниудад нээж өгөхөд чухам юу түлхэц болсон бол? Дэлхийн усан тээврийн хамгийн том төвүүдийг хяналтдаа байлгасны үр дүнд дээрх боломжууд бий болж байсныг олон зуун жилийн түүхээс харж болно.
Энэ явцад худалдааны жижиг цэгүүд далайн боомт, эдийн засаг доторх эдийн засаг болтлоо өргөжин хөгжиж, цаашлаад даяарчлалд ташуур өгсөн. Өөрөөр хэлбэл боомтууд нь эрчим хүчний урсгал, төмөр зам болон цахилгаан станц зэрэг дэд бүтцийн зангилаа төв төдийгүй хүнд үйлдвэрлэл, агуулах, түгээлтийн кластеруудын хувьд амин чухал холбон тоглогч болсон билээ.
Харин одоо жилийн 25 их наяд ам.доллароор хэмжигдэх дэлхийн худалдааны 80 хувь нь хуучин болон шинэ далайн боомтуудаар дамжиж байна. Чухам эдгээр боомтууд нь өнөөгийн олон туйлт дэлхий ертөнц дэх давамгайллын төлөөх их өрсөлдөөнд бах бөх цайз хэргэмийн үүрэг гүйцэтгэх болжээ. Мэдээж эдийн засгийн утгаараа.

Үүний зэрэгцээ дижитал технологи, автоматжуулалт, ногоон эрчим хүч рүү шилжих хүндхэн бөгөөд өртөг ихтэй ажлын ард гарах шаардлага ч боомтуудад тулгарч байна. Задлаад харвал жилд 200 тэрбум еврогийн шинэ хөрөнгө оруулалт буюу ирэх 10 жилд хоёр их наяд еврогийн хөрөнгө шаардагдах тооцоолол хийжээ.
Ингээд нарийн төвөгтэй гео-эдийн засгийн стратегийн талбар болж буй БНХАУ-ын хамгийн динамик боомтуудаас хоёрыг нь онцлон хүргэе.
Автомашины экспортоор “зэвсэглэж” буй Шэньжэнь
“Хөгжлийн замд орохын тулд бид эхлээд боомтууд барих ёстой” хэмээн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нэгэнтээ хэлж байв.
БНХАУ далайн тээврийн хүчирхэг гүрний үүргийг гүйцэтгэхгүйгээр “Дэлхийн үйлдвэр” гэх статусаа авах боломжгүй байлаа. Дэлхийн хамгийн том 10 чингэлгийн боомтын долоо нь БНХАУ-ынх бол АНУ, Европоос ганц ч боомт тэргүүлэгчдийн эгнээнд багтаагүйг "Lloyd’s List"-ийн шинэ эрэмбэ харуулж байна.

Сүүлд БНХАУ автомашины экспортоор эрчимтэй ахиж, дэлхийд тэргүүлэгч болсон нь дэвшилтэт үйлдвэрлэлийн тус хүчирхэг гүрний гарт ажлын байраа алдана гэдэгт санаа зовниж буй өрсөлдөгч орнуудад нь дахин нэг цочроо өгчээ. Ялангуяа Шэньжэний боомт тэдний айдас түгшүүрт улам нэрмээс болж байна.
Шэньжэнь-Янтянь боомт 2023 оны нэгдүгээр сараас эхлэн "Xiaomo" нэртэй шинэ терминалаасаа автомашин экспортолж, эхний жилдээ 20 мянган автомашин гаргажээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сард хятад автомашины экспортод зориулж тусгайлан бүтээгдсэн анхны карго хөлөг онгоц "BYD Explorer 1"-ийг Европ руу гарах автомашинуудыг ачихаар тус боомтод авчирсан байна.
Дотоодын зах зээлдээ ноёрхож, олон улсын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй БНХАУ-ын цахилгаан автомашины хамгийн том үйлдвэрлэгч "BYD"-д зориулан тус хөлөг онгоцыг бүтээжээ. Хоёрдугаар сард Шэньжэнь хот авто үйлдвэрлэлийн хүчин чадлаа тэлж, тэр дундаа "BYD"-ийн үйлдвэр байрлах аж үйлдвэрийн паркийн төслийн хоёр дахь үе шатыг түргэсгэхэд дэмжлэг үзүүлж, далайн чанадын зах зээлд зориулан үйлдвэрлэлээ тохируулж, мөн хуучин автомашины экспортын бизнес бий болгох томоохон төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

"BYD"-ийн хөлөг онгоцны хоёр дахь аялал Өмнөд Америкийг чиглэж, тавдугаар сард Бразилд зангуугаа буулгажээ. Харин долоодугаар сарын эхээр гурав дахь аялалдаа гарч, Европыг дахин зорьсон байна. Ингэснээр он гарсаар зөвхөн Шэньжэний боомтоос экспортолсон автомашины тоо 30 мянга давжээ.
Шэньжэнь хотын эзэмшилд байдаг тус боомт "BYD"-ийн төв оффис болон гол үйлдвэрээс нь ердөө 25 км зайд оршдог байна. Харин шинээр нээх үйлдвэр нь улам ойртож, шинэ автомашиныг үйлдвэрээс боомт руу хүргэхэд тавхан минут зарцуулагддаг болох аж.
Хотын захиргааны мэдээлснээр энэ онд "Xiaomo" терминалаас 100 мянган автомашин экспортлох зорилготой бөгөөд 2030 он гэхэд энэ тоог нэг сая хүргэхээр ажиллах юм байна.
5G-аар хүч нэмсэн Тяньжин
БНХАУ-аар дамжин Монгол Улсад нэвтэрдэг нийт барааны 80 гаруй хувь нь дамжиж өнгөрдөг, Хойд Хятадын хамгийн том боомт Тяньжин дэвшилтэт технологийн тусламжтайгаар бүрэн автоматжуулалт, цаашлаад нүүрстөрөгчийн ялгарал шингээлтийн зөрүүгүй “net-zero” үйл ажиллагааг онилж буй.
Жилд 20 сая гаруй чингэлэг нэвтрүүлж, дэлхийн 800 гаруй боомттой худалдаа хийдэг тус боомт "Huawei" болон "China Mobile" компаниудтай хамтран ажиллаж, 5G сүлжээ, хиймэл оюун, үүлэн технологиор удирддаг жолоочгүй машин техникүүдэд үйл ажиллагаагаа даатгадаг болжээ. 2020 оноос эхлэн тус боомтын ажиллагааг автоматжуулах 12 ширхэг 5G станц суурилуулж, машин техникүүд хоорондын холбоо харилцааг шийдсэн байна.
Харин хиймэл оюун нь Тяньжин боомтын автоматжуулалтыг аж үйлдвэрлэлийн түвшинд хүргэх түлхүүр нь болжээ. Нүсэр чингэлгүүдийг зөөдөг цахилгаан хөдөлгүүртэй, жолоочгүй автомашинууд нь дата, мэдрэгчийн сүлжээнд суурилан хурдаа тохируулах, замаа олохдоо хиймэл оюун ашигладаг байна.