
Зургийг: Bloomberg Creative Photos
Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлд болон олон улсын эрчим хүчний хямралын эсрэг авч буй хариу арга хэмжээ дэлхийн цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг эрчимжүүлсэн болохыг Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн сүүлийн тайлан харуулж байна. Тухайлбал: 2023 онд нарны эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт газрын тосны үйлдвэрлэлд хийсэн хөрөнгө оруулалтаас 11 тэрбум ам.доллароор илүү дүнтэй гарчээ.
Харин 10 жилийн өмнө газрын тосны үйлдвэрлэлд хийсэн хөрөнгө оруулалт нарны эрчим хүчнийхээс даруй тав дахин өндөр дүнтэй байсан болохыг дээрх тайланд онцолж байна.
Тайлант хугацаанд нарны эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт гурав дахин өссөн бол газрын тосны үйлдвэрлэлийнх 1.7 дахин буурчээ.
Дэлхийн цэвэр эрчим хүчний салбарт хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 2015-2023 онд 1.6 дахин өссөн нь анхаарал татаж байна.
2021-2023 онд цэвэр эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт шатах түлшинд хийсэн хөрөнгө оруулалтаас илүү хурдтай буюу 24 хувийн өсөлттэй байжээ. Харин шатах түлшинд хийсэн хөрөнгө оруулалт 15 хувийн өсөлттэй гарсан аж.
ОХУ-Украины дайн шатах түлшний зах зээлд, ялангуяа газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд богино хугацааны савлагаа үүсгэж, харин цэвэр эрчим хүчний технологийн хөгжилд түлхэц өгсөн байна.
Үүнээс гадна 2023 онд эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2.8 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг таамаглажээ. Үүний 60 гаруй хувь буюу 1.7 их наяд ам.доллар нь цэвэр эрчим хүчний салбарт хийгдэхээр байгаа аж. Энэхүү өсөлтөд цахилгаан автомашины эрэлт нийлүүлэлтийн эрс өсөлт болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил голлон нөлөөлж байгааг тайланд тодотгосон байна.