
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Монгол Улс өндөр инфляцтай дахин тулж байхад БНХАУ дефляцын тойрогтоо эргэлдсээр л байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсын хэрэглээний үнээ өсгөх хүчин чармайлт, сунжирсан дефляцаас дэлхий дахинд үзүүлэх нөлөөллийг тайлбарлая.
Дахин хасах руу
Оны эхний хоёр сард тус улсын хэрэглээний үнээр илэрхийлэгдсэн инфляц 2021 оноос хойш анх удаа хасах утга руу орсныг статистикийн товчоо нь даваа гарагт мэдээллээ. Сар шинийн баяр нэлээн эрт болсон нь үнэ буурахад голлон нөлөөлсөн ч бууралтын хувь төсөөллөөс хамаагүй огцом байжээ. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн төсөөллөөр 2025 оны турш БНХАУ-ын инфляц ердөө 0.7 хувь байхаар байна.
Дефляц гэж юу билээ?
Эдийн засгийг бүхэлд нь хамарч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ унах нөхцөл байдлыг дефляц гэдэг. Үнэ хэдий өсөвч эрч нь удаашрах буюу дисинфляцтай үүнийг андуурч болохгүй. 2022 оны дунд үеэс хойш хэрэглээний үнийн жилийн өсөлт нь эрс удааширсан АНУ-д өдгөө ийм байдал үргэлжилж байна.
БНХАУ яагаад дефляцад оров?
Цар тахлын хорио хязгаарлалт дууссаны дараа эрэлт эрчимтэй сэргэсэн ч бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хомсдол үүсэж, улмаар дийлэнх орнуудад үнийн өсөлт цойлсон. Хэдий тийм боловч БНХАУ-д ч ижил зүйл тохиолдоно гэсэн төсөөлөл эсрэгээрээ эргэсэн юм. Иргэдийн худалдан авах чадвар сул хэвээр үлдэж, хажуугаар нь үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт хэрэглэгчийн итгэлд сэв суулгаснаар хүмүүс дорвитой худалдан авалт хийхээс цааргалах болжээ.
Үүнээс гадна технологи, санхүү зэрэг өндөр цалинтай салбаруудад төрийн зохицуулалт чангарсан нь цомхотгол, цалин таналт руу хөтөлж, иргэдийн зарцуулах сонирхол улам муудахад нэрмээс болсон. Аж үйлдвэрлэл, өндөр технологийн бүтээгдэхүүнийг дэмжих төрийн бодлого үйлдвэрлэл өсөхөд нөлөөлсөн ч эрэлт сул байснаар бизнесүүд үнээ бууруулахаас аргагүй болжээ.
Үнэ буурахаар юу нь муу гэж?
Хямд үнэ хэрэглэгчдэд анхандаа сайхан санагдавч хэрэглээний зарцуулалт сэргэнэ гэсэн үг биш. Харин ч хэрэглэгчид үнэ улам буурна гэж найдаж өндөр үнэтэй бараа худалдан авахаа азнах сэдэлтэй болдог. Энэ нь эдийн засгийн идэвхийг улам хумьж, орлогод дарамт болсноор үнийг дагаад зарцуулалт, зарцуулалтыг дагаад үнэ буурах “чөтгөрийн тойрог”-т оруулдаг.
Дефляц нь мөн инфляцад тохируулсан буюу “бодит” зээлийн хүүг өсгөх нөлөөтэй. Өрийн үйлчилгээний зардал өндөр байснаар бизнесүүд хөрөнгө оруулалт хийхэд хүнд болж, хариуд нь эрэлт саарснаар дефляц бүр гүнзгийрнэ. Энэхүү “өрийн инфляц” даамжирвал эдийн засгийг уналт, хямрал руу түлхэнэ гэж үздэг эдийн засагчид бий.
Эрх баригчдын хүчин чармайлт
Бээжингээс дефляцын өмнөх мөчлөгүүдийг мөнгөний зөөлөн бодлого, төсвийн том дэмжлэгүүдээр давж байлаа. Гэвч цар тахлаас хойш БНХАУ-ын Засгийн газар эдийн засагт хэт их өр хуримтлуулахаас сэргийлж төсвийн дэмжлэгт болгоомжтой хандах болсон. Түүнчлэн Ерөнхийлөгч Ши Жиньпин дэвшилтэт технологи тэргүүтэй өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч рүү эдийн засгаа чиглүүлэхээр шулуудсан тул эрх баригчид дэд бүтэц, бүтээн байгуулалтад найдах “эртний арга”-аа хэрэглэхээс цааргалах болжээ.
Эрчимтэй үйлдвэрлэл дотоодын эрэлтийг нь давсаар байвал энэ он дуустал БНХАУ-ын хэрэглээний үнэ агшилтын бүс орчимд эргэлдэнэ гэж “Citigroup”, “Nomura” зэрэг томоохон банкнууд санаа зовниж байна. БНХАУ-ын Төв банк ойрын хугацаандаа мөнгөний зөөлөн бодлогоос илүү юанийн тогтвортой байдлыг чухалчилж буй. Тиймээс эрх баригчид нийлүүлэлтийн илүүдлийг хэр хурдан арилгахаас тус улс дефляцаас гарч чадах эсэх нь хамаарахаар байна.
Хөрөнгө оруулагчдад, Монголд яаж нөлөөлөх вэ?
БНХАУ-ын технологиос бусад салбарын зарим компаниудын ашиг дефляцын цохилтод өртөж, дагаад хувьцаа нь унаж буй. Мөн гол зах зээл БНХАУ-ын хэрэглэгчид бүсээ чангалснаар олон улсын автомашин үйлдвэрлэл, тансаг бүтээгдэхүүний компаниудын борлуулалт эрс муудсан. Харин тус улсын Төв банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлтээс үүдэн БНХАУ-ын Засгийн газрын эрсдэл багатай бондууд оновчтой хэрэгсэл болж байна.
Дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн захын уналт, бүтээн байгуулалтын удаашрал нь БНХАУ-д гангийн эрэлтийг бууруулж, улмаар коксжих нүүрсний үнээр дамжин Монголд аль хэдийн нөлөөлж байна. Илүүдэл нийлүүлэлтээ танах БНХАУ-ын Засгийн газрын шийдэмгий арга хэмжээний тэргүүн эгнээнд гангийн салбар нь байгаа тул нүүрсний үнэ сэргэнэ гэдэгт найдалтгүй бололтой.