Зургийг: mongolia.gov.mn
Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр 2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүн гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон байна. Мөн Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэж, гадаад нэр хүнд өсөн, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг тодотгожээ.
Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд Монгол Улс агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болоод байгаа төдийгүй дотоодын нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулаад байна.
Гадаад сурталчилгаанд анхаарснаар 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид "Instagram", "Facebook", "TikTok", "YouTube" зэрэг платформоор Монголын тухай 40 гаруй контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд хүрээд байгаа аж. Мөн "CNN", "National Geography" зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Энэ бүхний үр дүнд 2023 онд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.3 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлээд байна.
"Суурь асуудал талаасаа харвал өвлийн жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудал тулгамдаж байгаа"-г “Discover World Travel” компанийн захирал Б.Барсболд “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Мөн сошиал "Influencer"-үүдийг Монгол авчрахаас илүүтэй аялал жуулчлалын бус улиралд олон улсын хурал чуулган зохион байгуулах нь салбарыг бүхэлд нь дэмжихэд нөлөөтэй гэж ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Х.Такач хэлж байлаа.