logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Дэлхийн хамгийн чухал хувьцаа"-г багтаасан "Гайхамшигт 7"-ийн гайхамшиг үргэлжилсээр. Гэхдээ...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 23 10:40
    2062

    Зургийг: FT montage/Bloomberg

    “Гайхамшигт 7” жилд нийт 361 тэрбум ам.доллар олж байгаа нь Японы бүх компанийн ашгийг нийлүүлсэнтэй тэнцэхээр байна

    Дэлхийн хөрөнгийн зах зээлийн өнгийг тодорхойлж буй “Гайхамшигт 7”-ийн гялалзсан хүч чадал цаашид хэр удаан хадгалагдах вэ?

    Компани биш улс

    АНУ-ын хөрөнгийн зах зээл 1920-иод оныг эс тооцвол бараг бүх цаг үеийн хамгийн их төвлөрөлтэй үедээ ирээд байна. “Microsoft”, “Apple”, “Alphabet”, “Amazon”, “Nvidia” зэрэг топ таван компани дангаараа “S&P 500 Index” -ийн үнэлгээний 25 орчим хувийг бүрдүүлж буй.

    “Гайхамшигт 7”-ийн бүрдэлд ордог дараагийн хоёр болох “Meta Platforms”, “Tesla”-ийг нэмбэл нийт үнэлгээ нь АНУ-аас бусад дэлхийн бүхий л орны хөрөнгийн зах зээлээс илүү болох юм. БНХАУ-ын нийт хөрөнгийн зах зээлээс том, мөн Японы зах зээлээс хоёр дахин, Их Британийн зах зээлээс дөрөв дахин том гэх мэтээр хөвөрнө.

    Ашгийг нь харвал “Гайхамшигт 7” жилд нийт 361 тэрбум ам.доллар олж байгаа нь Японы бүх компанийн ашгийг нийлүүлсэнтэй тэнцэхээр байна. Тэгэхээр эдгээрийн хэмжээ, ашиг орлогыг харвал компаниуд гэхээсээ илүү улс гэмээр аж.

    unnamed (1).jpg

    “Гайхамшигт 7”-ийн хувьцаануудыг нэгтгэн тооцдог “Bloomberg”-ийн индекс өнгөрсөн онд 106 хувиар өссөн бол “S&P 500 Index” 24 хувиар өсжээ. Харин компани тус бүрийн ашгийн сүүлийн үзүүлэлт холимог дүр зурагтай байна. “Meta”, “Amazon”, “Nvidia”-ийн үзүүлэлт шинжээчдийн төсөөллөөс давсан бол “Apple” болон “Tesla”-ийнх зарим талаараа сул байгаа юм.

    Тэр дундаа 2023 онд 239 хувиар өсөж, энэ онд ч шуургалсан өсөлтөө хадгалж буй “Nvidia”-ийн хувьцааг “Goldman Sachs” дэлхийн хамгийн чухал хувьцаа гэж тодорхойлжээ.

    unnamed (2).jpg

    Хаанчлал дуусах уу?

    “Гайхамшигт 7” харьцуулагдашгүй энэ их хүчээ хэр удаан хадгалж чадах вэ гэдэг гол асуулт болоод байна. Түүхээс харвал хэт их төвлөрлийн мөчлөг бүр хэзээ нэг цагт эргэн дундаж түвшиндээ очдог бөгөөд АНУ-ын “Топ 5” компанийн бүрдэл зогсолтгүй өөрчлөгдсөөр иржээ.

    1970-аад оны эхээр “Nifty Fifty” гэгдэх 50 компанийн өсөлт оргилдоо хүрч байсан үед АНУ-ын топ компани индексийнхээ 25 хувийг бүрдүүлж байв. Харин 1970-аад оны эцсээр энэ хувь 15 руу буурч, 1990-ээд оны дундуур бодлогын хүү өндөр үед бүр 10-д дөхсөн байна.

    Саяхан “Goldman Sachs”-ийн мэдээлснээр хедж сангууд IV улиралд “Гайхамшигт 7”-д эзэмшдэг хувиа бууруулсан нь зах зээлд хэт төвлөрөл үүсэх шинж тэмдэг анзаарагдаж эхэлсний дохио болжээ. Тодруулбал: нийт позиц нь 2.6 их наяд ам.доллар хүрэх 722 хедж сангийн арилжаанд шинжилгээ хийхэд “Amazon”-оос бусад зургаан компанид нь тэдний эзэмшдэг хувь буурсан байна.

    unnamed (3).jpg

    Энэ удаа байдал өөр гэж үү? Магадгүй тийм. Харилцаа холбоо, дэд бүтцийн салбарт итгэмээргүй хурдан бүтцийн өөрчлөлт явагдаж буй үед бид амьдарч байна. Хиймэл оюуны тэсрэлт дөнгөж эхэн шатандаа яваа. Мөн геополитик, батлан хамгаалахын түвшинд аюул заналхийллийг сөрөхийн тулд АНУ-д технологийн компаниуд нь юу юунаас илүү хэрэгтэй байгаа юм.

    Хэдий тийм боловч анзаарах ёстой бас нэг чухал зүйл нь “Гайхамшигт 7” бол 2000-аад оны “dot-com” хөөсрөлтийн үеийн хэт өндрөөр үнэлэгдсэн “бага гарынхан” биш гэдгийг санах хэрэгтэй. Тэд бол түүхэнд хэзээ ч байгаагүй түвшинд хил хязгаарыг эвдэж чадсан жинхэнэ гайхалтай компаниуд болохыг “Deutsche Bank”-ийн макро стратегич Жим Рейд тодотгожээ.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих