
Зургийг: mongolbank.mn
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаараа бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулж, 11 хувьд хүргэхээр шийдвэрлэв.
Жил гаруйн хугацаанд бодлогын хүүгээ 13 хувьд хадгалсны эцэст өнгөрсөн гуравдугаар сард анх удаа бууруулаад байсан Төв банк ийнхүү ирэх зургаадугаар сард болох ээлжит хурлаа хүлээлгүйгээр дээрх шийдвэрийг гаргахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг Мөнгөний бодлогын хорооноос тайлбарлав.
- Дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр улсын инфляц 6.4 хувьтай гарч, сүүлийн гурван жилийн доод түвшинд очиж саараад байна. Богино хугацааны төлөвийг харвал инфляц тогтворжихоор харагдаж байна.
- Эдийн засгийн өсөлт хэдий өндөр хувьтай гарсан ч уул уурхайн бус салбарын өсөлт, бизнесийн зээл хангалттай бус байна. Тиймээс эдийн засгийг идэвхжүүлж, дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих шаардлагатай.
Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нь нийцэж буйг Монголбанк мэдэгдэлдээ онцолжээ.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ хэзээнээс бууруулах нь тодорхойгүй, бүр бууруулах эсэх нь ч эргэлзээтэй болоод байгаа тул Монгол Улсын Төв банк бусад хөгжиж буй орнуудын жишгээр тус банкны шийдвэрийг харзнаж, хүүгээ бууруулахад төдийлөн яарахгүй гэсэн таамаг оны эхэнд байлаа.
Хэдийгээр бодлогын хүүгийн зөрүүтэй байдлаас төгрөгийн ханшид үзүүлэх дарамт бий ч экспортын өсөлт импортын өсөлтөөс давсан, гадаад валютын албан нөөц 6-7 сарын хэрэгцээг хангахуйц хэвээр буюу богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулахад хангалттай нөөцтэй гэж үзсэн тул энэ шийдвэрийг гаргасныг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр ярилцлагадаа онцолж байсан юм.
ХАА-н салбарын агшилтын нөлөө
Монголбанк эдийн засгийн өсөлтийн богино хугацааны төсөөллөө шинэчилж, өмнөх төсөөлөл 3.8 хувиас 3.6 хувь болгон ялимгүй буурууллаа. 2023 оны зургаан хувийн өсөлт ийнхүү эрс саарахад хөдөө аж ахуйн салбар бараг дангаараа нөлөөлөхөөр байгаа аж. Тодруулбал: энэ оны зуднаар малын хорогдол өндөр түвшинд хүрсэн нь хөдөө аж ахуйн салбарын агшилтад үргэлжлүүлэн нөлөөлнө гэж үзжээ.
Харин Дэлхийн банк сүүлийн тайландаа Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлт 4.8 хувь, Азийн Хөгжлийн Банк 4.1 хувь, Олон Улсын Валютын Сан бүр эрс ахиулж, 6.5 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл гаргаад буй. Олон улсын байгууллагуудын төсөөлөл ийнхүү Монголбанкныхаас зөрж байгаа нь хөдөө аж ахуйн салбарт үүссэн нөхцөл байдлыг төсөөлөлдөө хараахан тусгаагүй байгаатай холбоотой байж магадгүйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлав.
Эрэлт талаасаа харвал Монгол Улсын эдийн засаг тун энгийн. Уул уурхай, түүнийг дагасан тээвэр сэргэхэд үйлчилгээний салбар нь дагаад сэргэчихдэг. Хэдий тийм боловч уналт, өсөлтийн мөчлөг нь их богино хугацаанд үргэлжилдэг. Учир нь эдийн засгийн бүтэц нь эмзэг. Бид зөвхөн эрэлт талын төсвийн болон мөнгөний бодлоготойгоо зууралдаад байдаг. Эдийн засаг өөрөө эрүүл, чадавхтай, "шок" шингээдэг, инновацлаг байж мөнгөний бодлого ном журмаараа ажиллах учиртай. Хөдөлмөрийн зах зээл, эрчим хүчний үнэ чөлөөлөлт, ТӨҮГ-уудын шинэчлэлт, Төрийн санхүүгийн менежмент зэрэгт зөв хөрөнгө оруулалт хийж байж эдийн засаг, хувийн хэвшил үр ашигтай ажилладаг.
Үүнээс гадна цалин тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг эргэн нэмэгдүүлэх эрсдэлтэй ч нөлөө нь хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө бууруулснаа Монголбанк мэдэгдэлдээ дурдсан байна.
Дашрамд дурдахад, ОУВС дөрөвдүгээр сард гаргасан тайландаа сонгууль угтсан цалингийн өсөлт, мөнгө тараалт нь дотоод эрэлтийг нэмэгдүүлж, улмаар инфляц оны эцсээр өсөхөд нөлөөлөх ч нөгөө талдаа гадаад валютын орох урсгал өндөр, импортын бараа бүтээгдэхүүний эзлэх жин буурч буй тул ирэх онд зорилтот түвшиндээ эргэн орно гэсэн төсөөлөл гаргаж байсан юм.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com