
Зургийг: Jim Lo Scalzo/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны бүх түнш орнуудынхаа импортын бараа, бүтээгдэхүүнд оноох гаалийн татварыг сүүлийн 100 жилд байгаагүй өндөр дүнгээр нэмэгдүүлэх шийдвэр зарласнаар дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчилж болзошгүй "Худалдааны дайн" хамгийн эгзэгтэй үе шат руу орлоо.
АНУ-д бараа, бүтээгдэхүүн экспортолдог бүх орнуудад суурь 10 хувийн тариф, АНУ худалдааны ихээхэн алдагдал хүлээдэг орнуудад бүр ч өндөр дүнтэй тариф ногдуулах шийдвэрээ Дональд Трамп лхагва гарагт зарлав. Ингэснээр үйлдвэрлэл, экспортоос өндөр хамааралтай Азийн орнуудад тарифын хамгийн хүчтэй цохилт очиж байна. Тухайлбал: өмнө нь 20 хувийн тарифтай байсан БНХАУ-д нэмж 34 хувийн тариф ногдуулан 54 хувьд хүргэсэн бол Вьетнамд 46 хувь, Японд 24 хувь, БНСУ-д 25 хувь болгож тус тус нэмэгдүүллээ. Суурь 10 хувийн тариф дөрөвдүгээр сарын тавны 00.01 цагаас, бусад өндөр дүнтэй тариф дөрөвдүгээр сарын еснөөс хэрэгжиж эхлэхийг Цагаан ордноос мэдээлэв.
Мөн АНУ-ын бараа, бүтээгдэхүүнд 39 хувийн тариф ногдуулдаг Европын Холбооны улс орнуудад 20 хувийн тариф ногдуулахаар болсон байна.
10 хувийн тариф тогтоох орнуудын эгнээнд багтсан Монгол Улсын хувьд АНУ-тай хийх худалдааны цар хүрээ төдийлөн их биш. Өнгөрсөн онд 166.3 сая ам.долларын экспортыг АНУ-д хийсэн нь Монгол Улсын нийт экспортын 1.1 хувийг бүрдүүлжээ. Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт экспортын дийлэнх хувийг эзэлсэн байна. Хэдий тийм боловч БНХАУ-аас худалдааны хамааралтай гэдэг утгаараа түүхий эдийн үнэ зэрэг хүчин зүйлсээр дамжин Монголд тарифын сөрөг нөлөө дам байдлаар ирэх эрсдэлтэй юм.
Харин хар тамхины наймаа, хууль бус цагаачлалтай холбоотойгоор Канад болон Мексик улсад АНУ 25 хувийн тарифыг аль хэдийн ногдуулаад байгаа бөгөөд энэхүү тарифын арга хэмжээ хүчинтэй хэвээр байгаа тул шинэ тариф нэмж зарлаагүй аж. Түүнчлэн Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаандаа байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт хамрагдсан бараа, бүтээгдэхүүний хөнгөлөлтүүд хэвээр үлдэхээр болжээ.
"Хэрэв 60 хувийн тариф ногдуулсан тохиолдолд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хоёр суурь нэгжээр буурна" гэсэн тооцоололтой байгаагаа “Macquarie Group” мэдээлсэн байна. Харин “UBS” банк импортын бараа, бүтээгдэхүүний тариф нь БНХАУ-ын эдийн засгийн жилийн өсөлтийг хоёр дахин бууруулна гэсэн тооцооллоо өнгөрсөн онд танилцуулж байсан юм.
“Bloomberg Economics”-ийн шинжээчид нь мөн ийм өндөр тарифтай үед БНХАУ болон АНУ-ын худалдааны эргэлт огцом буурах төсөөлөлтэй байгаагаа танилцуулаад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
“Хэдхэн хормын дараа би дэлхийн улс орнуудад харилцан тариф тогтоох тухай түүхэн зарлигт гарын үсэг зурах гэж байна. Харилцан. Тэдний бидэнд ногдуулдаг тарифыг бид ч ногдуулж байна гэсэн үг. Маш энгийн. Үүнээс илүү энгийн байх боломжгүй. Өнөөдөр бол миний бодлоор АНУ-ын түүхэн дэх хамгийн чухал өдрүүдийн нэг. Энэ бол бидний олон жилийн эдийн засгийн тусгаар тогтнолын тунхаглал юм. Бусад улс орнууд бидний ачаар хөрөнгөжиж, хүчирхэгжиж байхад хөдөлмөрч АНУ-ын иргэд үүний үр шимийг хүртэж чадахгүй байна. Харин одоо бидний хөгжиж цэцэглэх ээлж ирлээ. Тарифаас олон их наяд ам.долларын орлого төвлөрүүлснээр татвараа бууруулж, улсынхаа өрийг тэглэнэ. Мөн энэ бүхэн маш хурдан өрнөнө. Өнөөдрийн энэ арга хэмжээгээр бид АНУ-ыг урьд өмнөхөөсөө илүү агуу гүрэн болгож чадна” гэж мэдэгдлээ.
Jennifer A. Dlouhy, Catherine Lucey, Josh Wingrove, Skylar Woodhouse