Зургийг: Ш.Гантуул
2000-аад онд Монгол Улсын нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт түүнээс хойш уул уурхайн салбарт тасралтгүй шахагдсаар өдгөө экспортын ердөө долоон хувийг эзэлдэг болоод буй. Хэдийгээр энэ онд эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан ч уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул хэвээр байгаа нь санаа зовоох асуудал болохыг олон улсын байгууллагууд сануулсаар байна.
Оны эхний хагас жилийн байдлаар энэ салбарт экспортын чиглэлд 704 аж ахуйн нэгж ажиллаж, 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортлон хагас тэрбум гаруй ам.долларын орлого олоод байгаа юм.
Хөдөлмөр их шингээдэг, орлогын потенциал, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр сайтай уул уурхайн бус салбарыг хойш чангааж буй хүчин зүйлсийн тэргүүнд ажиллах хүчний дутагдал, татварын асуудал, нийлүүлэлтийн хүчин чадал зэрэг болохыг салбарын үйлдвэрлэгчид мэдээлж буй.
ЭМИЙН УРГАМАЛ, ХУНЧИР
11 дүгээр сарын байдлаар Монгол Улс ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортоос 152.8 сая ам.долларын орлого олсон нь уул уурхайн бус салбарт зөвхөн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний дараа орох үзүүлэлт боллоо. Тус бүлгээс хунчрын экспорт ялангуяа цар тахлын дараа Зүүн Азийн орнуудад эрэлт нэмэгдсэнийг даган эрс өсөж, эмийн ургамлын экспорт ноолууртай өрсөлдөх хэмжээнд очих боломжтойг батлан харуулсан гэхэд болохоор байна.
Дотоодын гол тариалагчдын нэг “Астра Рүүт” ХХК өдгөө бүтээгдэхүүнээ Япон, БНХАУ, мөн хунчрын нэг жилийн хэрэглээ нь 10 мянга гаруй тонн байдаг БНСУ-д экспортолж байгаа аж. Хэдий тийм боловч энэ чиглэлийн экспортод татварын асуудал саад болдог тул эмийн ургамлыг эрүүл мэнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгэн адил НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Энхбат хэлж байлаа.
НООЛУУР
Ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлогчдын дундаас энэ онд онцгойрсон нь “Ханбогд Кашимер” ХХК байв. Тус компани 183 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 96 хувийг нь буюу 175 тэрбум төгрөгийн угаасан болон самнасан ноолуур, бэлэн бүтээгдэхүүнийг Итали, Англи, Бельги зэрэг улсад экспортолсон байна. Мөн эцсийн бүтээгдэхүүний экспортоо жил бүр 20-30 хувиар нэмэгдүүлж байгааг тус компанийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг онцолсон юм.
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН
Оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс 154 сая гаруй ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна. Тэр дундаа энэ онд Кувейт, Узбекистан, Саудын Араб болон Иран улс дээр нэмэгдээд Арабын Нэгдсэн Эмират улсад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж эхэлсэн нь 2.2 тэрбум хэрэглэгчтэй дэлхийн халал махны зах зээлд Монгол Улс нэвтрэх боломжтойг харууллаа.
Түүнчлэн энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс “Хүнс комплекс” компани дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн БНХАУ-д анх удаа экспортолж эхэлсэн нь томоохон ахиц байв.