logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол гэрийн экспортын ирээдүй - Инновац шингээж, материалыг нь сайжруулах шаардлага тулгамдаж байна
    I-IV сард монгол гэрийн экспортын тоо хэмжээ эрс өссөн ч мөнгөн дүн нь 60 гаруй хувиар буурчээ
    С.Баярсайхан: Инновац шингэхгүй, нэгэн хэвийн байгаад байхаар гадаадад гологдож, шаардлага хангахгүй болсон
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 06 11:10
    1202

    Зургийг: Yourte Nomade-Lodge

    2023 оны Олон улсын худалдааны төв (ITC)-ийн Уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбарын Үндэсний экспортын стратегид экспортын төрөлжүүлэлтийг дэмжих өндөр боломж бүхий салбарт мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, ноолууран хувцас, жимсгэнэ, хушны самар, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг оруулсан байна.

    Түүнчлэн Үндэсний экспортын стратегид мэдээллийн технологи, адал явдалт болон соёлын аялал жуулчлалыг экспортын үйлчилгээний гол салбар хэмээн тодорхойлжээ.

    Хөдөлмөр их шингээдэг, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр сайтай уул уурхайн бус салбарын экспортод чухал байр суурь эзлэх боломжтой нэгэн “битүү морь” нь монгол гэр болж байна. Гэхдээ монгол гэрт инновац шингээж, сайжруулалт хөгжүүлэлт хийхгүй бол олон улсын зах зээлээс шахагдах эрсдэл бий. 

    Тоо юу харуулж байна вэ?

    Гаалийн Ерөнхий Газрын статистик мэдээллээс харвал оны эхний дөрвөн сард Монгол Улс 2088 монгол гэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.4 дахин өссөн үзүүлэлт болж байна. Экспортын тоо хэмжээ ийнхүү эрс өссөн ч мөнгөн дүн нь 366.8 мянган ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 60 гаруй хувиар буурсан үзүүлэлт болжээ.

    Өмнө нь голчлон сийлбэртэй, тансаг хийцтэй гэр экспортолдог байсан бол сүүлийн үед энгийн хийцтэй монгол гэр олон тоогоор гаргах болсон нь орлого буурсан нэг шалтгаан болохыг тус салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэлж байв.

    Монгол Улс сүүлийн байдлаар дэлхийн 30 орчим улс руу гэр экспортолж байгаагаас энэ он гарсаар Португал улс руу хамгийн олон буюу 1888 ширхгийг гаргажээ. Түүнчлэн одоогоор монгол гэр үйлдвэрлэдэг 250 орчим аж ахуйн нэгж, 100 гаруй хувиараа бизнес эрхлэгч жилд 14-15 мянга орчим гэр үйлдвэрлэдгээс 50 орчим хувь нь буюу 7000-8000 нь дотоодын зах зээлд борлуулагддаг байна.

    Ямар саадууд тулгардаг вэ?

    Мод, эсгий, тээвэрлэлтийн өртөг зэргээс шалтгаалан монгол гэрийн үнэ жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ онд дотоодын зах зээлд таван ханатай энгийн монгол гэр гурван сая төгрөгөөс дээш үнэтэй байгааг салбар холбооноос мэдээлж байв. Одоогоор дотоодын ихэнх үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд бие даан нийлүүлэх боломжгүй, дундын зуучлагчдад найддаг аж. Тиймээс бүтээгдэхүүнд шингэсэн нэмүү өртгийн багагүй хувь нь тэдгээр зуучлагчдад ногддог байна.

    Мөн монгол гэр нь овор ихтэй ачаа болдог тул тээвэр логистикийн асуудал хүндрэл учруулдаг. Тухайлбал: АНУ руу гэр худалдахад Эрээн, Тяньжинаар дамжин дунджаар хоёр сар гаруй хугацаа зарцуулдаг болохыг “Ашид Гэр” ХХК мэдээлж байлаа.

    Жижиг, дунд бизнес эрхлэгчид дэлхийн зах зээлд цахимаар бүтээгдэхүүнээ танилцуулахад Элчин сайдын яам зэрэг байгууллагууд дэмжиж өгвөл бизнес эрхлэгчид дундын зуучлагчгүйгээр дундаж гэрийг 7000-8000 ам.доллар буюу 2-3 дахин өндөр үнээр борлуулах бүрэн боломжтой.

    Эцэст нь монгол гэр үйлдвэрлэхэд ашигладаг материалын онцлог, чанар нь сорилт болдог байна. Тодруулбал: чийглэг дулаан уур амьсгалтай орнуудын цаг уурын нөхцөл, хүмүүсийнх нь амьдралын хэв маягт тохируулан гэрийн уламжлалт хийцийг бага зэрэг өөрчилж, мод, эсгий зэргийг нь илүү удаан эдэлгээтэй, чанартай материалаар бэлтгэх шаардлага тулгардаг аж. Монголд түгээмэл ашигладаг материалтай гэр гаднын чийглэг дулаан орнуудад очоод ердөө 1-2 жилийн эдэлгээтэй байх тохиолдол цөөнгүйг тус компани тодотгож  байна.

    Монголчуудын гаргасан нэг алдаа нь монгол гэрээ хөгжүүлээгүй, материалыг нь сайжруулаагүй явдал. Үүнээс болж олон улсын худалдан авагчид Монголоос гэр авах сонирхолгүй болсон. Инновац шингэхгүй, нэгэн хэвийн байгаад байхаар гадаадад гологдож, шаардлага хангахгүй болсон. Үүнтэй зэрэгцээд гадаад худалдан авагчид гэрийг өөрсдөө хийж болохыг ойлгож, монголчуудынхаас илүү чанартай, суурин соёлын онцлогт нийцүүлэн үйлдвэрлэж эхэлсэн. Тиймээс бид цоо шинэ бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөхгүй л бол монгол гэрийн борлуулалт маш муу болохоор байна.

    Иймд монгол гэрийг гадаадад сурталчлахад дэмжлэг үзүүлж, тээвэр логистикийн асуудалд холбогдох байгууллагууд нь анхаарахын зэрэгцээ үйлдвэрлэгчид материалын чанарыг сайжруулахад анхаарвал экспортыг нэмэгдүүлэх боломж их байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл онцолж байна.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих