Зургийг: Qilai Shen/Bloomberg
Дэлхийн цахилгаан автомашины зах зээлийг харвал 2023 онд дэлхий даяар нийт 13.7 сая нэгж, зөвхөн IV улиралд 4.4 сая нэгж цахилгаан автомашин борлуулагдсан байна. Ингэснээр өнгөрсөн онд зорчигч тээврийн хэрэгслийн дэлхий даяарх нийт борлуулалтын 18 хувийг цахилгаан автомашин бүрдүүлжээ.
“Bloomberg NEF”-ийн шинжээчид цахилгаан автомашины борлуулалт өссөөр байх төлөвтэй, тэр дундаа 2024 онд 16.7 сая нэгж борлуулагдана гэсэн төсөөлөл гаргасан байна.
Хэдий тийм боловч өмнөх онтой харьцуулахад өсөлтийн эрч нь саарахаар байгаа аж. Европын шинэ зохицуулалтууд, БНХАУ-ын зах зээлийн ханалт, мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхойгүй байдал зэрэг хэрэглэгчийн итгэлд нөлөөлөхөөр хүчин зүйлс байгаа юм.
Томоохон зах зээлийг харвал БНХАУ-ын суудлын цахилгаан автомашины зах зээл 2023 оны IV улиралд өмнөх оны мөн үеэс 44 хувиар өсөж, тайлант хугацаанд нийт 2.9 сая автомашин борлуулагджээ.
Өмнөх оны нийт дүнгээр 35 хувьтай гарсан тус зах зээлийн өсөлт энэ онд 21 хувь болж саарахад сул зохицуулалт, зах зээлийн ханалт, эдийн засгийн тааруу төлөв нөлөөлнө гэж “Bloomberg NEF” үзэж байна.
Харин Хойд Америкийн зах зээлд 2023 онд 1.6 сая нэгж цахилгаан автомашин борлуулагдсан нь жилийн дүнгээр 49 хувийн өсөлт болжээ. Энэ онд ч өсөлт үргэлжилж, 1.9 сая автомашин борлуулагдах төлөвтэй гэж таамагласан байна.