
Зургийг: Chalinee Thirasupa/Bloomberg
Алт рекорд шинэчлэлийн циклээ дахин эхлүүлж, сүүлд АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлтийн нөлөөгөөр унц нь 2500 ам.доллар даваад байна.
Дараагийн зогсоол $2700?
Алтны үнэ энэ он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд 21 хувиар өссөнөөр 2024 оны хамгийн сайн үзүүлэлттэй гол түүхий эдийн нэг болоод байна. Хэдий тийм боловч “UBS”, “ANZ Group” зэрэг банк алт цаашдаа өсөлтөө ахиулах орон зай байсаар байгааг онцолж байгаа юм.
“2025 оны дунд үед алтны үнэ унц нь 2700 ам.доллар хүрэхээр байна” гэж “UBS Global Wealth Management”-ийн Түүхий эдийн стратегич Уэйн Гордон үзэж, Холбооны Нөөцийн банкны шийдвэр, Төв банкнуудын алт худалдан авалт, хөрөнгө оруулалтын багцын хеджийн эрэлт зэрэг нөлөөлөгч хүчин зүйлсийг цохон тэмдэглэжээ.
Бодит хүү
Алтны үнэ сүүлд цойлсон нь АНУ-ын бодлого тодорхойлогчид ирэх сард бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлтээс ерөнхийдөө шалтгаалсан юм. Энэхүү хүлээлт нь инфляцын нөлөөллийг арилгасан бодит хүүг бууруулснаар хүүгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтанд таатай нөхцөл байдал үүсгэжээ.
Хүү буурч, алтны үнэ өссөн хөдөлгөөн нь бондын өгөөж зэрэг макро эдийн засагт нөлөөлөгч уламжлалт хүчин зүйлс эргэн анхаарлын төвд орох дохио өгч байна. Оны эхээр бондын өгөөжийн өсөлтийг үл харгалзан алтны үнэ өссөн нь туршлагатай шинжээчдийн төдийлөн хараад байдаггүй хөдөлгөөн байлаа. Үүнийг хөгжиж буй орнуудын Төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байв.
Биржийн бус эрэлт
Аливаа биржийн оролцоогүйгээр худалдаалагч, худалдан авагчийн хооронд гүйлгээ шууд хийгддэг биржийн бус зах зээлийн эрэлтийг тооцоолоход хэцүү боловч энэ онд алтны зах зээлийн гол ач холбогдолтой хэсэг байлаа.
Ялангуяа Азийн арилжааны компаниудын биет алтны арилжаа өндөр байсан нь алт худалдан авалт сүүлийн 25 орчим жилийн хамгийн сайн үзүүлэлттэй II улирлаа үдэхэд нөлөөлснийг Дэлхийн алтны зөвлөл мэдээлж байв. Биржийн бус зах зээлийн эрэлт цаашид ч өсөж, алтны үнийн цаашдын өсөлтөд гол хөдөлгөгч хүч болох төлөвтэйг Алт олборлогчдын холбооноос онцолжээ.
ETF хөрөнгө оруулагчид
Алт дагадаг биржээр арилжаалагддаг сангуудын хувьд мөн адил дүр зураг хүлээж байх төлөвтэй. Алтны үнэ III, IV сард хэдийгээр өндөр дүнгээр өссөн ч тухайн үед ETF-үүдэд хөрөнгийн гарах урсгал давамгайлжээ.
Бүр тавдугаар сарын дунд үед алт дагадаг ETF-үүдийн хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд 2019 оноос хойших доод түвшинд хүрсэн юм. Харин зургаадугаар сараас давлагаа эргэсэн шинж ажиглагдаж, алт дагадаг сангуудын хөрөнгийн урсгал хоёр сар дараалан эерэг гараад байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com