logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ТӨХК-иуд өнгөрсөн онд улсын төсвийн 75 хувьтай тэнцэхүйц хэмжээний зарлага гаргажээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 15 10:00
    496

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Монгол Улсад Төрийн өмчийн хороонд тайлангаа өгдөг 122 компани байгаагаас 99 нь толгой компани бол үлдсэн нь хараат, охин компаниуд байна

    Төрийн өмчит компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй болгох шийдэмгий төлөвлөгөө аль 2022 онд зарлагдаж байлаа. Гэтэл түүнээс хойш энэхүү төлөвлөгөөний хэрэгжилт нэлээн удааширч, одоогоор зөвхөн “Монголын Хөрөнгийн бирж” IPO хийгээд байна. Төсөвт их хэмжээний орлого төвлөрүүлж, тэр чинээгээрээ улс төрийн нөлөөлөл, ашиггүй ажиллагаа, авлига, шударга бус томилгооны асуудалд орооцолддог Төрийн өмчит компаниудын энэ байдлыг Засгийн газар нухацтай авч үзэхээр шийдсэн бололтой.

    Хууль баталж, реформ хийнэ

    Хамтарсан Засгийн газрын төлөвлөсөн 14 салбарын шинэчлэлийн нэг нь Төрийн өмчит компаниудын эрх зүйн байдал юм. Энэ хүрээнд Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа аж. Төрийн өмчит компаниуд зарлага өндөр, ашигтай гэхээсээ алдагдалтай ажиллах нь олон, нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй төсөвтэй зэрэг нь реформ хийх зайлшгүй шаардлага үүсгэж буйг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцолж байв.

    Хэдий тийм боловч дээрх асуудлыг ярьж буй анхны Засгийн газар энэ биш юм . Өмнө нь 2022 онд УИХ Төрийн өмчит компаниудыг үе шаттайгаар олон нийтэд хувьцаа нь нээлттэй арилжигддаг болох жагсаалт гаргаж, энэ дагуу 2023 онд 26 компанийн 34 хувийг Хөрөнгийн биржид гаргана гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлж байлаа.

    Монгол Улсад Төрийн өмчийн хороонд тайлангаа өгдөг 122 компани байгаагаас 99 нь толгой компани бол үлдсэн нь хараат, охин компаниуд аж. Мөн Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 172 компани байгаагаас гурав нь 100 хувь Төрийн өмчит, 11 нь Төрийн оролцоотой компаниуд байна.

    unnamed (4).jpg

    Алдагдлын уурхай

    Төрийн өмчит компаниуд 2023 онд ногдол ашиг, татвар, хураамж хэлбэрээр төсөвт 5.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн бол 16.9 их наяд төгрөгийн буюу улсын төсвийн 75 хувьтай тэнцэх хэмжээний зарлага гаргажээ. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар Төрийн өмчийн 43 компанийн алдагдал нийлээд 150 орчим тэрбум төгрөг хүрснийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлж байлаа. Алдагдалтай ажиллагсдын ес нь өнгөрсөн онд нийт 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон талаар аудитын дүгнэлт гарсан байна. Ингээд зогсохгүй Төрийн өмчит компаниуд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 төсөл, арга хэмжээнд 319.8 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм. Мөн “Transparency International” байгууллагын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр “Ашигтай ажилладаг Төрийн өмчит хэдхэн компанид хандсан элдэв хандив, тусламж, урамшууллын талаарх санал тасардаггүй” гэж байв.

    Олон Улсын Валютын Сангийн судалгаагаар Монголын Төрийн өмчит компаниудын 40 хувийнх нь өр төлбөр хөрөнгийн харьцаа эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Мөн “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн тооцоолсноор Монголын Төрийн өмчит компаниудын 73 хувь буюу 10 компани тутмын долоо нь алдагдалтай ажиллаж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих