
Зургийг: David Paul Morris/Bloomberg
“OpenAI” компани Сэм Олтмэнийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилж, мөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө гишүүдийг шинээр бүрдүүлэх шийдвэр гаргалаа.
Хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч гарааны компанийн бараг бүх ажилтан Сэм Олтмэнийг гэнэтийн байдлаар халсан явдлыг эсэргүүцэж, ажлаасаа гарахаар сүрдүүлсэн нь эцэстээ энэхүү шийдвэрт хүргээд байна.
Компанийн шинэ ТУЗ-ийг өмнө нь “Salesforce.com”-ийн Гүйцэтгэх захирал байсан Брет Тэйлор удирдах бол АНУ-ын Сангийн сайд асан Ларри Саммерс, “Quora”-ийн Хамтран үүсгэн байгуулагч Адам Д'Анжело тэргүүтэй нөлөө бүхий эрхмүүд бүрэлдэхүүнд нь багтаж буйг “OpenAI” компани “X” платформ дээр мэдээлжээ.
Даваа гарагт "OpenAI" компани "Twitch"-ийн Гүйцэтгэх захирал асан Эмметт Ширийг Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Сэм Олтмэн "Microsoft" компанид ажиллана гэдгээ мэдэгдээд байсан юм.