logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    Нэг цэнэглэлтээр 1100 км зай туулах шинэ “үүлдрийн” цахилгаан автомашинтай танилц!
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 14 17:28
    1471

    Зургийг: Baptiste Virot for Bloomberg Businessweek

    Илүү хол зай туулах чадвартай цахилгаан автомашин нь цэнэг хураагуурыг автоматаар цэнэглэх зориулалт бүхий бага оврын дотоод шаталтат хөдөлгүүрээр тоноглогдсоныхоо ачаар өнөөгийн цахилгаан автомашинуудын нэг цэнэглэлтээр туулах дундаж зайнаас хоёр дахин урт зай туулах хүчин чадалтай болсон байна

    Гэр бүлийнхээ анхны автомашиныг авахаар хайж буй Шанхай хотын оршин суугч, 31 настай Юань БНХАУ-д алдартай цахилгаан автомашины брэндүүд болох “Nio”, “Xpeng”-ийн автомашинуудыг сонирхож, туршилтын жолоодлого хийж үзжээ.

    Хэдий тийм боловч тэрбээр цахилгаан автомашины цэнэг хурдан дуусах, цэнэглэхийн тулд замдаа саатах зэрэг чирэгдэлд санаа зовниж байлаа. Ингээд тэрбээр арай шинэлэг зүйл сонирхож үзжээ. Тэр нь хол зай туулах чадвартай цахилгаан автомашин буюу EREV (Extended-Range Electric Vehicle) юм. 

    Энэ төрлийн автомашин нь цэнэг хураагуурыг автоматаар цэнэглэх цор ганц зориулалт бүхий бага оврын дотоод шаталтат хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Үүнийхээ ачаар өнөөгийн цахилгаан автомашинуудын нэг цэнэглэлтээр туулах дундаж зай болох 480 км-ээс даруй хоёр дахин урт буюу 1100 км зайг туулах хүчин чадалтай болдог аж.

    Ийнхүү EREV хэрэгцээ шаардлагад нь төгс нийцсэн тул Юань өдгөө БНХАУ-д борлуулалтаараа тэргүүлэгчдийн эгнээнд буй “LI Auto”-ийн “L6” хэмээх таван суудалтай SUV ангиллын автомашиныг  34 мянга гаруй ам.доллар төлөн худалдаж авчээ.

    “Би өмнө нь EREV төрлийн автомашин авах талаар огт бодож байсангүй. Харин одоо хааяа хол замд явах, эсхүл цахилгаан автомашин цэнэглэх станцын урт дараалалд зогсоно гэж санаа зовохооргүй болж байна” гэж бүтэн нэрээ хэлэхийг хүсээгүй Юань өгүүлсэн юм.

    Туулах зай сайтай цахилгаан автомашин нь бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй төрөл болжээ.

    EREV автомашины борлуулалт өнгөрсөн онд л гэхэд хоёр дахин өсөж, өдгөө тус улсад цэнэглэдэг хосолмол хөдөлгүүртэй PHEV ангиллын автомашины нийт борлуулалтын 30 хувийг бүрдүүлдэг болсныг “Bloomberg New Energy Finance”-ийн судалгаа харуулж байна. 

    Энэ төрлийн автомашинууд ирэх оноос АНУ-д борлуулагдаж эхлэх юм. “Chrysler”-ийн толгой компани Stellantis алдарт RAM 1500 Pick-Up автомашиныхаа EREV хувилбар болох, нэг цэнэглэлтээр 1100 км зам туулдаг Ramcharger загварыг гаргана. Энэхүү загварыг “цахилгаан автомашинд эргэлзсэн хэвээр буй хүн амыг тэр чигт нь урвуулах” зорилгоор бүтээж байгаа хэмээн тус компанийн зүгээс онцолжээ.

    Дэлхийн авто үйлдвэрлэгчид энгийн худалдан авагчдын сонирхлыг цахилгаан автомашин руу татах гэж зүдэрч байгаа энэ үед EREV нь үнэ ба туулах зай гэсэн өдгөө цахилгаан автомашинд тулгараад буй хамгийн том хоёр саадыг арилгах шийдэл болон гарч ирж байна. 

    EREV-ийг энгийн цахилгаан автомашины адил цахилгаанаар цэнэглэж болохоос гадна автомашин хөдөлж байх үед цэнэг хураагуурыг цэнэглэдэг, шатахуунаар ажилладаг нэмэлт жижиг хөдөлгүүртэй тул нэг цэнэглэлтээр туулах зайг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх давуу талтай. Явах эд ангид шууд хүч дамжуулдаг уламжлалт хөдөлгүүр болон хосолмол хөдөлгүүрээс ялгаатай нь EREV-ийн “бензин хөдөлгүүр” нэг ёсондоо цахилгаан үүсгэгч генератор гэсэн үг.

    Ингэснээр EREV-т энгийн цахилгаан автомашиныхаас хоёр дахин жижиг хэмжээтэй цэнэг хураагуур орж, дагаад үйлдвэрлэлийн өртөг нь 4000 гаруй ам.доллароор буурах юм. Түүнчлэн автомашины цэнэг хураагуур автоматаар цэнэглэгдэх тул хол замд яваа үед цэнэглэх гэж саатах шаардлагагүй болно. 

    “Цэнэг хураагуурын хэмжээ жижгэрэхээс гадна замын 95 хувийг цахилгаан хөдөлгүүрээр туулна. Тэгэхээр цэнэг дуусаад замдаа гацчих вий гэж санаа зовох хэрэггүй болно. Энэ шийдэл үнэхээр таалагдаж байгаа” гэж “Ford” компанийн Гүйцэтгэх захирал Жим Фарли тавдугаар сарын эцсээр БНХАУ-д аялаад ирснийхээ дараа өгүүлжээ.

    Анх зах зээлд гараад 25 жилийн нүүр үзэж буй “Toyota Prius” зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашинуудыг бодвол EREV нь ихэнх үед цахилгаан хөдөлгүүрээрээ явдаг тул байгаль орчинд илүү ээлтэй. Бидний мэдэх хосолмол хөдөлгүүрт автомашинууд нь шатахуунаар ажилладаг дотоод шаталтат үндсэн хөдөлгүүр болон нэмэлт жижиг цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Тэрхүү цахилгаан хөдөлгүүр нь автомашины цахилгааны систем болон жолооч тормоз гишгэх үед үүсдэг кинетик энергиэр цэнэглэгддэг.  

    Харин EREV-ийн шатахуун хөдөлгүүр нь цэнэг хураагуурыг цэнэглэх үедээ л зөвхөн ажилладаг тул дэлхийн дулааралд нөлөөлдөг нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг байна. Хэдий тийм боловч хосолмол хөдөлгүүрт автомашиныхаас том цэнэг хураагууртай учир үнэ нь арай өндөр байдаг.

    Сүүлд БНХАУ-ын томоохон авто үйлдвэрлэгчид болох "SAIC Motor", "Geely" компаниуд EREV автомашины өрсөлдөөнд орж ирсэн ч технологийн салбарын тэрбумтан  Ли Шианы байгуулсан "Li Auto" компани энэ төрлийн үйлдвэрлэлээр дотоодын зах зээлдээ тэргүүлсэн хэвээр байна. Тус компанийн борлуулалт зургаадугаар сард 47 хувиар өсөж, нийт 47 мянга 774 нэгж автомашин борлуулжээ. Үнэ нь 34 мянга 500 ам.доллароос эхлэх “L6” SUV зэрэг EREV төрлийн хямд автомашины эрэлт БНХАУ-д их байгаа нь үүнд нөлөөлсөн байна. 

    Түүнчлэн "Li Auto"-ийн борлуулалт өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдсэнээр бүтэн жилийн цэвэр ашиг нь 3.9 тэрбум ам.доллар хүрчээ. Li Auto" компанийн зорилтот хэрэглэгчийн бүлэг  нь гэр бүлийн автомашин сонирхогчид. EREV хол зам туулах үеийн айдсыг арилгаад зогсохгүй жолоочид туслах дэвшилтэт систем, нэмэлт функцүүдтэй байдаг” хэмээн BNEF-ийн цахилгаан автомашины зах зээлийн шинжээч Си Ми хэлж байлаа.

     

    Cэтгэгдэл бичих