
Зургийг: Bloomberg/Saul Loeb/AFP/Getty Images
АНУ-ын Сангийн яам БНХАУ-ын Төрийн дэмжлэгтэй хакеруудын цахим халдлагад өртсөн болохоо Конгресст мэдээллээ.
Халдлагыг гуравдагч талын программ хангамж нийлүүлэгч “BeyondTrust” компанийн үйлчилгээгээр дамжуулан үйлдсэн гэсэн байна. Тодруулбал: тус компани үүлэн технологиор дамжуулан Сангийн яамд техникийн туслалцаа зайнаас үзүүлдэг байсан бөгөөд хакерууд түүгээр дамжин яамны компьютерүүдэд халдаж, нууцлалын зэрэгтэй тодорхой тооны бичиг баримтуудад нэвтэрсэн болохыг мэдээлжээ.
Одоогоор Сангийн яам халдлагад өртсөн программыг салгаж, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, тагнуулын алба хаагчид, Засгийн газрын цахим аюулгүй байдал, дэд бүтцийн агентлагтай хамтран ажиллаж байгаагаа тодотгов.
Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-ын Сангийн яамны мэдэгдлийг үгүйсгэсэн хариу мэдэгдэл гаргаж, "Бодит суурь нотолгоогүйгээр хятадыг гүтгэсэн дайралт" гэж шүүмжилжээ.