
Зургийг: С.Батсайхан
Шинж тэмдгүүд
Төгрөгийн болон валютын харилцах, төгрөг болон валютын хадгаламж, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө зэрэг эдийн засагт тодорхой үед эргэлдэж буй хөрөнгийн нийлбэрийг мөнгөний нийлүүлэлт (М2) гэдэг. Тэгвэл дотоодод VIII дугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.9 их наяд төгрөгөөр буюу 27.3 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ.
Энэ нь эдийн засгийн идэвхжил сайжирч, зээл олголт нэмэгдэж, олгосон зээл банкны салбарт хадгаламж болон орж ирж буйн илрэл. Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн хадгаламж 5.8 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч эдийн засаг харьцангуй тогтвортой үед мөнгөний нийлүүлэлт ийнхүү огцом өсөж байгаа нь “эдийн засгийн халалт” буюу эдийн засаг өсөхтэй зэрэгцэн инфляц өсөх, иргэдийн зарцуулалт ихсэх, ажилгүйдлийн түвшин буурах нөхцөл байдал руу хөтөлж буйн дохио болохыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс онцолж байлаа.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт бараг 30 хувьд хүрсэн нь өндрийн инфляцтай үед ажиглагддаг тоо. 2024 он дуустал эдийн засгийн халалтын шинж тэмдгүүд ажиглагдаж, 2025 онд бүрэн хэмжээгээр илэрнэ гэсэн хүлээлт байна. Сангийн яам мөн үүнийг хүлээн зөвшөөрсөн. Төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг ч, инфляцын өсөлтийг ч өндрөөр төсөөлсөн байгаа.
Эдийн засаг хэт халснаар өсөлтийг тогтвортой хадгалах боломжийг хязгаарлаж, инфляц өсөхөд түлхэц болж, улмаар Төв банк бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ авахаас өөр аргагүй болдог.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлт, төсвийн зарцуулалтын нэмэгдлийн нөлөөг харгалзан Монголбанк сүүлд Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 5.5 хувь болгож ахиулсны зэрэгцээ ирэх оны эдийн засгийн өсөлт 7-8 хувь орчимд байна гэж үзсэн. Мөн хэдий бодлогын хүүгээ дахин бууруулж 10 хувь болгосон ч төсвийн зарцуулалт, импортын өндөр өсөлттэй байгаа тул мөнгөний бодлогыг хурдтай зөөлрүүлэх нь зөв шийдэл биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Долларжилт буурчээ
VIII сарын дүнгээр төгрөгийн хадгаламж 20.2 их наяд төгрөг, валютын хадгаламж 4.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Валютын хадгаламж өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар тус тус буурсан бөгөөд өөрөөр хэлбэл 2023 оны эхээр валютын хадгаламжийн үлдэгдэл бараг 40 хувиар өсөж байсантай харьцуулахад долларжилт харьцангуй багасжээ.
Төгрөгийн ханш тогтвортой байгаа нь төгрөгийн бодит өгөөжийг нэмэгдүүлж, төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн болохыг Монголын банкны холбооноос тайлбарлаж байна. Мөн инфляц аажмаар буурч байгаа нь төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгдэх шалтгаан болсон гэж үзжээ.