
Bridget Bennett/Bloomberg
Хиймэл оюуны тэсрэлтээс хамгийн өндөр ашиг хүртэж буй чип үйлдвэрлэгч Nvidia компанийн Лхагва гарагт танилцуулсан орлогын тайлан хэдий шинжээчдийн төсөөллийг давсан ч улирал бүр гайхалтай өсөлт харж дассан хөрөнгө оруулагчдынх нь сэтгэлд төдийлөн хүрсэнгүй.
I сарын 26-наар дуусгавар болсон санхүүгийн IV улиралд компанийн борлуулалтын орлого 39.3 тэрбум ам.доллар болж өссөн нь шинжээчдийн дундаж төсөөллийг сүүлийн хоёр жил орчмын хамгийн бага дүнгээр давсан үзүүлэлт болжээ. Харин нэгж хувьцаанд ногдох ашиг 89 цент байсан нь Уолл Стритийн төсөөлөл 84 центээс мөн ялимгүй илүү байна.
Тайлан танилцуулагдахаас өмнө шинжээчид Nvidia-ийн орлогын хамгийн том эх үүсвэр болох дата төвийн бизнесийн ойрын хугацааны өсөлтийн төлөвт санаа зовж буйгаа илэрхийлж байлаа. АНУ-ын тарифаас шалтгаалж нийлүүлэлтийн сүлжээнд саад учрах, мөн илүү боловсронгуй технологитой "Blackwell" чип рүү шилжсэн нь компанийн үйлдвэрлэлийн хүчин чадалд нөлөөлөх эсэх нь гол асуулт болж байна. Үүнээс гадна БНХАУ-ын DeepSeek харьцангуй бага өртөг, хязгаарлагдмал нөөцөөр хиймэл оюуны хүчирхэг модель бүтээж чадсан нь Nvidia-ийн дэвшилтэт чипийн эрэлт цаашид өндөр хадгалагдах эсэхэд эргэлзээ төрүүлсэн юм.
Санхүүгийн жилийн I улиралд борлуулалтын орлого нь 43 тэрбум ам.доллар байх төсөөлөлтэйг Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан мэдээлсэн. Шинжээчдийн дундаж төсөөлөл 42.3 тэрбум байсан ч зарим төсөөлөл ихдээ 48 тэрбум ам.доллар хүрч байжээ.
Тайлангийн бусад онцлох үзүүлэлт, дүгнэлтүүдээс дурдвал:
- Шинэ Blackwell чипийн нийлүүлэлтийн асуудал арилж, компанийн төсөөллөөс давсан орлого оруулж эхэлсэн.
- Шинэ бүтээгдэхүүн гаргах өртгөөс шалтгаалан ашгийн нийт маржин хумигдсан ч 2025 оны II хагасаас ашигт ажиллагаа сэргэнэ гэсэн төсөөлөлтэй.
- Хятадын DeepSeek-ийн үлгэрлэн харуулсан хиймэл оюуны моделийг төгөлдөржүүлэх шинэ арга зам Nvidia-ийн чипүүдийн эрэлт улам өсөхөд нөлөөлнө гэж Гүйцэтгэх захирал Женсен Хуан онцлов.
- АНУ-ын тогтоох тарифын нөлөө хэр өндөр байхыг тооцоолоход эрт байна.