
Зургийг: Hanneke Rozemuller/Bloomberg Businessweek
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн хэдэн арван жилд эрчимтэй хөгжсөний үр дүнд тус салбараас олон арван тэрбумтан төрөн гарсан бөгөөд тэдний 10 нь дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний жагсаалтад багтжээ. Гэвч сүүлийн жилүүдэд тохиосон уналт дээрх өсөлтийг ядах юмгүй арчиж, тэрбумтнуудын нийт хөрөнгө 100 гаруй тэрбум ам.доллароор буураад байгаа юм.
Хуй Ка Янь
“China Evergrande Group”
Байгуулагдсан он: 1996
“China Evergrande Group”-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, нэгэн цагт улс төрд ихээхэн нөлөөтэй явсан Хуй Ка Янийн хөрөнгө 2021 оны эхээр 24 тэрбум ам.доллар байсан бол 2024 оны гуравдугаар сарын эцсээр 1.1 тэрбум ам.доллар болж буурчээ. Үл хөдлөх хөрөнгөнөөс авхуулаад цахилгаан автомашин зэрэг олон чиглэлд хөрөнгө оруулсан нүсэр компанийг удирдаж байсан түүнийг цагдаа нар саатуулаад байгаагаас гадна зээлдүүлэгчид Хонконг дахь хоёр харшийг нь хураан авсан байна.
Ван Жяньлинь
"Dalian Wanda Group"
Байгуулагдсан он: 1988
Нэгэн цагт БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхэм байсан Ван Жяньлинь өнгөрсөн оны 12 дугаар сард хөрөнгө оруулагчдын хилэгнэлээс зайлсхийх 8.3 тэрбум ам.долларын хэлцлийнхээ нэг хэсэг болгож “Dalian Wanda Group”-ийн дэлгүүрийн бизнесийг хариуцдаг охин компанийнхаа удирдлагыг шилжүүлж өгөхөөр зөвшөөрсөн юм. Гарахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулагчидтай ийнхүү тохиролцож чадсан нь түүний хувьд ус агаар мэт хэрэгтэй байсан ч БНХАУ даяар 230 хотод бараг 500 их дэлгүүр ажиллуулдаг тус охин компанийн 60 хувийг “гаднын хүмүүс” эзэмшихээр болсон байна.
Үүнээс өмнө тэрбээр энтертайнмент салбарын эзэнт гүрнийхээ дийлэнхийг, мөн Испанийн хөлбөмбөгийн “Atlético de Madrid” клубт эзэмшдэг хувиа алдаад байв. Түүний хөрөнгийн хэмжээ 2021 оны эхэнд 15.1 тэрбум ам.доллар байсан бол сүүлд 6.3 тэрбум ам.доллар болж буурчээ.
Ян Хуйянь
"Country Garden"
Байгуулагдсан он: 1992
“Country Garden” компани өнгөрсөн оны аравдугаар сард ам.долларын бонддоо дефолт зарлаж, зах зээлийг бужигнуулсан ч юаниар нэрлэгдсэн бондынхоо эргэн төлөлтийг олон сарын турш хэвийн хийсээр байсан юм. Хэдий тийм боловч тус компанийн борлуулалтын уналт улам дордож, гуравдугаар сард хийсэн төслийн гэрээний дүн нь жилийн өмнөхөөс 83 хувиар унажээ. Харьцуулбал нэгдүгээр сард гэрээний дүн нь 75 хувиар буурсан байна.
Мөн гуравдугаар сард “Country Garden” юанийн бондынхоо эргэн төлөлтийг анх удаа хийж чадаагүйн зэрэгцээ санхүүгийн тайлангаа гаргах хугацаа нь хойшилсныг бас зарлаад байгаа юм. Үүний зэрэгцээ компанийг нь татан буулгах эрсдэлтэй хууль шүүхийн асуудал үүсэж, хөрөнгийн хэмжээ нь гурван жил орчмын хугацаанд 33.7 тэрбум ам.доллароос 4.3 тэрбум ам.доллар хүртлээ буураад буй Ян Хуйяньд ирэх дарамт улам нэмэгдэж байна.
Энэ зах зээл өндийх үү?
“Цар тахлын үеэр эдийн засгийн үйл ажиллагаа хязгаарлагдсан үед их хэмжээний орон сууц зах зээлд нийлүүлж, үүнд нь органик эрэлт, худалдан авах чадвар дутсан учир БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэхэд хэцүү байгаа”-г Эдийн засагч Ч.Хашчулуун хэлж байлаа. “Бид төдийлөн дурдахгүй байгаа боловч БНХАУ-ын Засгийн газрын өр, мөн мужуудынх нь өр дээд хэмжээндээ хүрсэн нь бас нөлөөлж байна. Хэдий тийм боловч энэ хугацаанд дэд бүтцээ маш мундаг хөгжүүлсэн тул бас сайн тал бий” хэмээн тэрбээр онцолсон юм.
"БНХАУ эцсийн дүнд эдийн засгийн хөгжлийн загвараа үл хөдлөх хөрөнгийн салбараас холдуулж, технологи, дэвшилтэт үйлдвэрлэл, дэвшилтэт дэд бүтэц гэсэн гурван шинэ хөдөлгөгч хүч рүү шилжүүлэх хэрэгтэй" гэж “Citigroup”-ийн эдийн засагчид дүгнэж байв.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com