logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Гадаадын иргэд ажиллаж амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын эрэмбийг Хонконг тэргүүлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 17 16:50
    1343

    Зургийг: Lam Yik/Bloomberg

    АНУ-ын Нью-Йорк хот нэг байраар ухарч, жагсаалтын долоодугаарт, харин Их Британийн Лондон өнгөрсөн оныхоос есөн байраар урагшилж, наймдугаарт бичигджээ

    Азийн бүсийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Сингапур гадаадын иргэд ажиллаж амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын энэ оны жагсаалтыг тэргүүлж,  хоёр дахь жилдээ Швейцарын хотуудыг ардаа орхилоо. Дээрх хоёр хотын орон сууцны түрээсийн өндөр үнэ Цюрих, Женев, Базель, Берн зэрэг хотын өмнө бичигдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл байсныг “Mercer” компаниас гаргасан “Амьдралын өртгийн тайлан-2024” судалгаанаас харж болохоор байна. 

    Харин Нью-Йорк хот нэг байраар ухарч, долоодугаарт эрэмбэлэгдсэн бол Лондон өнгөрсөн оныхоос есөн байраар урагшилж, жагсаалтын наймдугаарт бичигджээ. 

    Орон сууцны зардал өсөж, инфляц тогтворгүй байгаа нь байгууллагуудаас экспатуудын ажлын байрны төлбөрийг гаргахад хүндрэл үүсгэж байгааг тус тайланд онцолсон байна.

    “Амьдралын өндөр өртөг нь гадаадаас боловсон хүчин авсан байгууллагуудад, мөн ажилтнуудад нь ч ихээхэн сорилт болсон. Асуудлыг хөнгөвчлөх үүднээс ажил олгогчид орон сууцны зардал, татаас эсвэл өөр бусад хөнгөлөлтийг багтаасан нөхөн төлбөрийн багц санал болгож болох юм” хэмээн “Mercer”-ийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан тэргүүн Ивонн Трэбер хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

    “Mercer” компани дэлхийн 226 хотыг багтаасан жагсаалтыг гаргахдаа орон сууц, тээвэр, хоол хүнс, хувцас, гэх ахуйн бараа зэрэг 200 гаруй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг харьцуулжээ.

    Экспатуудад хамгийн үнэтэй хотууд

    1. Хонконг, БНХАУ
    2. Сингапур
    3. Цюрих, Швейцар
    4. Женев, Швейцар
    5. Базель, Швейцар
    6. Берн, Швейцар
    7. Нью-Йорк, АНУ
    8. Лондон, Их Британи
    9. Нассау, Багам
    10. Лос Анжелес, АНУ
    Cэтгэгдэл бичих