logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Стефен Чу: АНУ бодлогын хүүгээ эрчимтэй бууруултал Монголбанк хүүгээ бууруулах гэж яарах шаардлагагүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 15 11:30
    586
    "Bloomberg Intelligence"-ийн Ахлах стратегич Стефен Чутай ярилцлаа

    - Улс орнуудын валют бүр өөрийн гэсэн шинж чанартай байдаг. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай Монгол Улсын хувьд төгрөгийн ханшийг хөдөлгөгч гол хүчин зүйлс юу байна вэ? 

    - Суурь хөдөлгөгч хүчин зүйлсийн тухайд гэвэл таны хэлсэнчлэн Монгол Улс бол түүхий эд экспортлогч орон гэдгийг авч үзэх ёстой. Зөвхөн төгрөг гэлтгүй бусад бүх валютын хувьд урсгал тэнцлийг авч үзэх нь чухал байдаг. Уул уурхайн салбарын дэмжлэг байгаа хэдий ч дэлхийн санхүүгийн хямралаас хойш Монгол Улсын урсгал тэнцэл өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд алдагдалтай байсаар байна. Энэ нь ямар ч валютын хувьд сайн зүйл биш. Үүнтэй холбоотойгоор Монголын худалдаа хийдэг бусад орнуудын валютын эсрэг төгрөгийн ханш сүүлийн 10, 20 жилийн турш тасралтгүй суларсан байгаа. Үүний гол шалтгаан нь урсгал тэнцлийн алдагдал.

    Цаашид энэ нөхцөл байдал үргэлжлэх тохиолдолд, үнэнийг хэлэхэд үргэлжлэх магадлал өндөр байгаа энэ үед төгрөг бусад валютын эсрэг суларсаар байх болно. Хэн ч уул уурхайн салбарын огцом сэргэлт хэр удаан үргэлжлэхийг тааж чадахгүй. Мэдээж циклийн үе шатандаа явж байна. Үүн дээр нэмээд дэлхийн улс орнууд ногоон шилжилт хийж байна. Улмаар уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт буурч болно.

    Жишээ нь: нүүрсний эрэлт. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч БНХАУ-ын эрэлт ч саарах хандлагатай байна. БНХАУ ногоон шилжилтэд ч ихээхэн анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл БНХАУ руу гаргах экспорт цаашид буурна. Тиймээс ирээдүйд төгрөгийн ханш үргэлжлэн суларна гэж харж байна. Хэдий тийм боловч ам.долларын ханшаас бас их зүйл хамаарахыг онцолмоор байна. АНУ-ын Холбооны Нөөцийн банкны бодлогын хүү оргил цэгтээ хүрсэн, ирэх оноос сулруулах магадлал өндөр байна. Энэ нь ам.долларын ханш унахад нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханшид ч мөн нөлөөлнө. 

    - Цар тахлаас хойш өнөөдрийг хүртэл төгрөгийн ханш нэлээдгүй унаад байна. Ирэх онд төгрөгийн ханш ямар байна гэж харж байна вэ? Өнөөдрийн байдлаар төгрөгийн спот ханш 3400 орчимд байна.

    - Төгрөгийн ханш Азийн хөгжиж буй орнуудын валютуудын адил ам.доллароос өндөр хамааралтай. Ам.доллар бол гол хөдөлгөгч нь байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ам.долларын ханш Азийн ихэнх хөгжиж буй орнуудын валютын эсрэг нэлээдгүй чангарсан. Үүнд төгрөг ч багтана. Харин ирэх оны хувьд бидний төсөөллөөр ам.долларын ханш төгрөг болон бусад Азийн валютуудын эсрэг оны эхний хагаст тогтворжиж, бага зэрэг сэргэх төлөвтэй байна. Харин хоёрдугаар хагасаас эхлэн тогтвортой буурна гэж харж байна. Яагаад гэвэл зах зээл АНУ-ын Холбооны Нөөцийн банкны бодлогын талаар хэт өөдрөг төсөөлөлтэй байна.

    Зах зээлд оролцогчид АНУ-ын Төв банк ирэх оны эхээр бодлогын хүүгээ бууруулна гэж мөрийцөж байгаа. Энэ нь хэт өөдрөг төсөөлөл гэж бид үзэж байна. АНУ-ын эдийн засгийн дата мэдээллүүдийг харсан ч бодлогын хүүгээ эрчимтэй бууруулах шинж тэмдэг харагдахгүй байгаа. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөх циклийг зогсоож, хүүгээ бууруулах хугацаагаа хойшлуулсан ч ам.долларын ханш тэр дороо огцом сулрахгүй. Огцом чангарахгүй ч байх хүлээлттэй байна. Учир нь бодлогын хүү нь шаардлагатай түвшиндээ байгаа. Тэгэхээр ам.долларын ханш оны эхэн үеэр тогтворжиж бага зэрэг сэргэхээр байна.

    Харин оны хоёрдугаар хагасаас буюу Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулахдаа бүрэн итгэлтэй болсон үед ам.долларын хослолууд сулрах төлөвтэй байна. Үүнд төгрөгийн ханш ч багтана. Бидний төсөөллөөр төгрөгийн спот ханш 3300-аас 3500 нэгжийн түвшинд арилжаалагдах төлөвтэй байна. 

    - Хөгжиж буй эдийн засагтай Монгол Улсын хувьд ойрын хугацаанд ямар суурь сорилтууд тулгарна гэж үзэж байна вэ?

    - Зөвхөн Монгол гэлтгүй, бусад хөгжиж буй орнуудад тулгамдах гол ойрын асуудал бол Холбооны Нөөцийн банкны хатуу мөнгөний бодлого удаан үргэлжлэх явдал. Тэгэх ч байх гэж харж байна. Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлого өндөр хэвээр байвал, эсвэл улам бүр нэмэгдвэл Монгол зэрэг хөгжиж буй орнуудад капиталын гадагшлах урсгалын дарамт нэмэгдэнэ. Ялангуяа бид өмнө нь ярьж байсанчлан Монгол Улс уул уурхайн экспортоос ихээхэн хамааралтай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт маш тогтворгүй байна гэсэн үг.

    Капиталын гадагшлах урсгал нэмэгдэх тусам ханшид муугаар нөлөөлнө. Тийм болохоор зах зээл, улс орнууд Холбооны Нөөцийн банкийг бодлогын хүүгээ бууруулахыг хүлээж байгаа. Энэ нь бүх хөгжиж буй орнуудад сайнаар нөлөөнө. Эдгээр улс Холбооны Нөөцийн банкнаас илүүтэй өөрсдийн эдийн засаг, мөнгөний бодлогодоо анхаарч эхлэх юм. Хэрэв АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулбал, дагаад хөгжиж буй орнууд ч капиталын гадагшлах урсгалаас эмээлгүйгээр шаардлагатай бол бодлогын хүүгээ бууруулах юм.

    - Урсгал тэнцлийн алдагдлын улмаас төгрөгийн ханш өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд суларч байгааг хэллээ. Монгол Улстай төстэй хөгжиж буй орнууд ямар бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авсан нь үндэсний валютын ханшийг нь боломжийн түвшинд хадгалж байсан бол?

    - Миний бодлоор хамгийн шулуухан хариулт гэвэл эдийн засгийн өсөлтийг дэмжих эх үүсвэрээ төрөлжүүлэх нь нэн чухал. Олон хүн үүнтэй санал нэгдэх байх. Өөрөөр хэлбэл дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос гадна бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх, капиталын дотогш чиглэсэн урсгал, эдийн засгийн өсөлтийг дэмжих эх сурвалжуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь: анхаарал татаж буй нэгэн сонирхолтой салбар бол аялал жуулчлал.

    Мэдээж Монгол Улс аялахад маш алдартай орнуудын нэг. Хэдий тийм боловч Тайланд, Индонез зэрэг Азийн бусад оронтой харьцуулбал тийм ч том зах зээл биш. Эдгээр улсад аялал жуулчлалын салбар эдийн засгийн өсөлтийнх нь нэлээд хэсгийг бүрдүүлдэг. Ялангуяа Тайландад. Аялал жуулчлалаас олох орлого нь тайланд батад ихээхэн нөлөөтэй байдаг. Тиймээс ирээдүйд уул уурхайн экспортоос гадна эдийн засгийг дэмжих өөр нэг салбартай болох хэрэгтэй. Өргөжүүлж болох салбаруудын нэг яах аргагүй аялал жуулчлал.

    Монгол Улс байгалийн баялаг ихтэй учраас уул уурхайн салбараас хөндийрнө гэдэг хэцүү. Хэдий тийм боловч Монгол Улс хөрөнгө оруулалт хийх ёстой салбаруудын нэг бол яах аргагүй аялал жуулчлалын салбар гэж хэлнэ.

    - Холбооны Нөөцийн банк хөрөнгө оруулагчдын тооцоолж байгаа шиг тийм ч хурдан мөнгөний бодлогоо сулруулахгүй болохыг “Bloomberg Integlligence” тооцоолж байна. Тиймээс АНУ-ын бодлогын хүү харьцангуй өндөр түвшинд байгаа нь Монголтой төстэй эдийн засгуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

    - Монгол Улсын хувьд нөхцөл байдал тийм ч муу биш байна. Монгол Улсын эдийн засаг цар тахлаас хойш тогтвортой байж ирлээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд эдийн засгийн өсөлт сайн байлаа. Ирэх жил Монгол Улсын эдийн засаг БНХАУ-тай адил хэмжээнд буюу таван хувийн өсөлттэй байна гэж харж байна. Энэ нь Монгол Улсад өөрийн мөнгөний бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэх орон зай байна гэсэн үг. АНУ-ын Холбооны Нөөцийн банк ирэх оны эхээр мөнгөний бодлогоо бууруулахгүй байсан ч гэсэн Монгол Улс мөнгөний бодлогоо хэзээ сулруулахаа шийдэж болно. Хэдий тийм боловч одоо бол бодлогын хүүгээ бууруулах гэж яарах шаардлагагүй гэж харж байна.

    Ирэх онд эдийн засгийн өсөлт бага зэрэг удаан байж болно. Гэсэн ч Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогодоо ямар нэг өөрчлөлт оруулах хүртэл Монгол Улс бодлогын хүүгээ бууруулах шаардлага байхгүй. Хэрвээ Монгол болон АНУ-ын мөнгөний бодлогын зөрүү яг одоо 750 суурь нэгж байна. Өнгөрсөнтэй харьцуулбал энэ нь тийм ч хол зөрүү биш. Тийм болохоор бодлогын хүүгээ бууруулж, энэ зөрүүг улам хумих шаардлага байхгүй. Бид ингэж л харж байна.

    - Монгол Улсын Төв банкны бодлогын хүү 13 хувьтай байна. Энэ нь бараг өнгөрсөн 10 жилийн хугацаанд байгаагүй өндөр түвшин. Харин өнгөрсөн сараас эхлэн инфляц буурч Монголбанкны зорилт болох найман хувь руу дөхөж байна. Монголбанк бодлогын хүүгээ хэзээ бууруулбал зохистой гэж үзэж байна вэ?

    - Миний бодлоор анхаарал хандуулах ёстой хоёр хүчин зүйл бий. Эхнийх нь инфляц. Монгол Улсад инфляц буурч байна гэж та сая хэллээ шүү дээ. Энэ нь дэлхий дахинд болж буй үзэгдэл юм. Бас таны хэлсэнчлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой байна. Тийм болохоор нийлүүлэлт унах ч юм уу ямар нэгэн томоохон зүйл болохгүй л бол бодлогын хүүгээ бууруулах шаардлага байхгүй гэж бодож байна. Энэ эхний хэсэг нь. Харин хоёрдугаарт, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ хэзээ бууруулахаас шалтгаална.

    Хэрвээ Монгол Улс Холбооны Нөөцийн банкнаас урьтаж бодлогын хүүгээ бууруулбал хоёр улсын мөнгөний бодлогын хүүгийн зөрүү тэлнэ. Энэ нь эргээд төгрөгт муугаар нөлөөлнө. Улмаар капитал гадагшлах урсгал нэмэгдэнэ. Тийм болохоор Монгол Улс бодлогын хүүгээ бууруулах гэж яарах хэрэггүй. Өмнө нь хэлсэнчлэн хоёр улсын зөрүү одоогоор 750 суурь нэгж байна. Өмнө нь 1000 ч байсан. Тийм болохоор Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ хурдацтай бууруулах хүртэл Монгол Улс бодлогын хүүгээ сулруулж хэрэггүй гэж бодож байна. Ирэх оны эхэн үед ч бууруулах нь эрт байх болов уу.

    Cэтгэгдэл бичих