
Зургийг: Rich Fury/Getty Images
БНСУ-ын “K-Pop” урсгал ид тэсрэлтийн үедээ яваа ч хувьцааг нь авсан хөрөнгө оруулагчид хэзээ ч “шатаж” болох нөхцөл байдалд байна.
“BTS”, “Blackpink” зэрэг дэлхийд нэрд гарсан хамтлагуудын ачаар “K-Pop” хөгжмийн урсгал таван тэрбум ам.доллароор үнэлэгдэх болсныг шинжээчид мэдээлж буй. Мөн дэлхий даяар сонсогчид нэмэгдэж байгаагаас салбарын өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Энэ нь “K-Pop” оддыг бэлтгэн гаргадаг компаниудын хувьцааны ханш өсөх түлхэц болж, “Hybe” компанийн үүсгэн байгуулагч Бан Ши Хёг тэргүүтэй магнатуудыг тэрбумтан болж байна. Хэдий тийм боловч тус салбар цөөн хэдэн тоглогчдын үйл ажиллагаанаас өндөр хамааралтай байна. Мөн одуудынх нь талаар сөрөг мэдээлэл цацагдлаа гэхэд компанийн зах зээлийн үнэлгээнээс олон сая ам.доллар арчигдах эрсдэлтэй байдаг.
Хэдхэн долоо хоногийн өмнө болсон үйл явдлыг харцгаая л даа. БНСУ-ын хамгийн алдартай “K-Pop” оддын нэг нь найз залуутай гэх мэдээлэл цацагдсаны дараа агентлагийнх нь хувьцааны ханш огцом унасан байна. Тодруулбал: “Aespa” хамтлагийн дуучин Каринатай холбоотой дээрх мэдээлэл фэнүүдийнх нь эгдүүцлийг төрүүлж, нэг нь бүр “Фэнүүдийн чинь хайр чамд хангалтгүй байна уу?” гэсэн бичигтэй ачааны автомашиныг дуучны харьяалагддаг “SM Entertainment” компани руу илгээжээ. Үр дагаварт нь тус компанийн хувьцааны ханш 11 хувиар унаж, Ю Жи Мин буюу Карина фэнүүдээсээ уучлал гуйн мэдэгдэл хийж байв.
Үүний дараа “SM Entertainment” компанийн хувьцааны ханш сэргэсэн ч дээрх үйл явдал “K-Pop” салбар одууд болон хөрөнгө оруулагчдын хувьд ямар эгзэгтэй салбар болохыг харуулсан юм.
Тиймээс “K-Pop”-ийн сонирхлоо хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй юу? Үүнээс өмнө дараах зүйлсийг мэдэж авахад илүүдэхгүй.
“K-Pop”-д хөрөнгө оруулах ямар ач холбогдолтой вэ?
“K-Pop” урсгал дэлхий даяарх шүтэн бишрэгчдийн бааз суурь нүсэр том бөгөөд ойролцоогоор 500 сая хүн бий гэж “Sanford C. Bernstein” компанийн Ахлах шинжээч Бо Кён Су тооцоолсон байна. Мөн хөгжмийн хорхойтнууд “K-Pop” урсгалтай танилцах тусам фэнүүдийнх нь тоо өсөхөөр байгаа аж. 2030 он хүртэл “K-Pop” урсгалын жилийн нийлмэл өсөлтийн түвшин 12 хувь байх тооцооллыг ч тэрбээр гаргажээ.
“K-Pop” тоглолтын эрэлт өсөхтэй зэрэгцээд тасалбарын үнэ нэмэгдэж байгаа тул энэ урсгалаар уран бүтээл туурвидаг компаниудын ашиг дагаад өснө хэмээн “Jakota Index Portfolios” компанийн судалгааны Ахлагч Ларс Огнарсон өгүүлсэн юм. Цомгийн борлуулалт ч нэмэгдэж, олон улс руу үргэлжлэн тэлж буйгаас тэрбээр ийм өөдрөг төсөөлөлтэй байгаа ажээ.
“Хүмүүс стриминг платформууд дээр “К-Pop” хөгжмийг сонсох нь эрс өсөж байна. Мөн англи хэлтэй орнуудын стриминг зах зээлд ч “K-Pop” дуу тоглогдох нь нэмэгдсэн” хэмээн тэрбээр онцолсон байна.
Ямар сонголтууд байна вэ?
Эхлээд гол тоглогчдыг харъя. Дийлэнх “K-Pop” оддын цаана дөрвөн том компани л байдаг. Тэдгээр нь “Hybe”, “SM Entertainment”, “JYP Entertainment”, “YG Entertainment”.
“Bangtan Boys” буюу ”BTS” хөвгүүдийн хамтлагаараа олонд танигдсан “Hybe” компани “K-Pop” хөгжмийн урсгалыг тэр чигт нь дэлхийн тавцанд гаргасан гавьяатай гэвэл хилсдэхгүй. Харин “SM Entertainment” дээр дурдсан Каринагийн “Aespa” хамтлаг, мөн “Super Junior”, “Girls’ Generation” зэрэг хамтлагуудыг хариуцдаг.
“JYP Entertainment” компанид “Stray Kids”, “Boy Story”, “2PM” зэрэг хамтлагууд харьяалагддаг. Харин “YG Entertainment” компани “Blackpink”, “BigBang” хамтлагуудаараа алдартай.
Эдгээр компаниуд БНСУ-ын Хөрөнгийн биржид бүртгэлтэй тул гадаадын хөрөнгө оруулагчид оролцоход хүндрэлтэй байх нь бий. БНСУ-ын зохицуулах байгууллагууд хөнгөвчлөхөөр сүүлийн жилүүдэд тодорхой арга хэмжээнүүд авч буй.
Ямар эрсдэлүүд байна вэ?
Сүүлийн жилүүдэд “K-Pop”-ийг шуугиулсан томоохон үйл явдлуудын нэг нь “BTS” хамтлагийн гишүүд хувь хувийнхаа төслүүдэд төвлөрөхөөр завсарлага авна гэсэн мэдээлэл байлаа. Үүний дараа “Hybe” компанийн хувьцааны ханш 28 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 1.7 хүртэл тэрбум ам.доллар арчигдсан юм. Мөн БНСУ-ын хуулийн дагуу шаардлага хангасан бүх эрэгтэйчүүд 18-21 сар цэргийн алба хаах ёстой тул “BTS”-ийн хоёр гишүүн өнгөрсөн оны 12 дугаар сард цэрэгт татагдаад байна.
Хэдийгээр “Hybe” компанийн хувьцааны ханш сэргэсэн ч “BTS” хамтлаг “K-Pop”-ийн ертөнцөд ямар нөлөөтэй гэдгийг тус үйл явдал харуулжээ. Ерөнхийдөө “K-Pop” компаниудын хувьцааны ханш тогтворгүйгээрээ зартай, тур тусмаа урт хугацааны хөрөнгө оруулалт хийхгүй хүмүүст тун эрсдэлтэй юм.
“Hybe”-ийн зөвхөн 2023 оны хувьцааны ханшийн хөдөлгөөнийг авч үзвэл оны эхний зургаан сард тус компанийн хувьцааны ханш 77 хувиар өссөн ч дараа нь 11 дүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд 38 хувиар буурсан байна. Мөн оны эцсээр дахин 23 хувиар буурчээ.