
Зургийг: С.Батсайхан
Гуравдугаар сард хуучин орон сууцны үнийн индексийн өсөлтийн хурд эрчимжиж, өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өслөө. Сүүлийн 12 сарын хугацаанд хуучин орон сууцны үнийн өсөлт тогтмол хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2023 он болон түүнээс өмнө ашиглалтад орсон орон сууцыг хуучин орон сууцанд тооцож байгаа аж.
Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн хувьд хуучин орон сууц ихтэй, шинээр баригдаж буй орон сууц нь ихэвчлэн дүүргийнхээ зах руу чиглэсэн байгаа учраас хотын төвийн хуучин орон сууцнаас харьцангуй хямд үнэтэй байгааг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газраас мэдээллээ.
Хуучин орон сууцны үнийн өсөлт Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 37 хувиар, Хан-Уул дүүрэгт 16.3 хувиар өссөн нь хамгийн багад тооцогдож байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт нэг м.кв-ын дундаж үнэ хамгийн хямд буюу 3.1 сая төгрөгийн ханштай байсан бөгөөд 2024 оны мөн үед 2.6 сая төгрөгөөр үнэлэгдэж байжээ.
Гуравдугаар сард орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж, дундаж үнэ 4.4 сая төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ дундаа шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 38.7 хувиар буюу хамгийн өндөр хувиар өссөн бол Хан-Уул дүүрэгт хамгийн бага буюу 6.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.