logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    2024 онд дүн тавих чартууд
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 31 09:00
    738

    Зургийг: Bloomberg

    2024 оны онцлох үйл явдлуудыг “Bloomberg TV Mongolia” чарт, зураглал, графикаар өгүүлснийг багцлан хүргэж байна

    Монгол Улс 126 гишүүнээс бүрдсэн анхны Парламентаа байгуулж, гурван намын хамтарсан Засгийн газар амбицтай зорилт тавин үйл ажиллагаагаа эхлүүллээ. Олон жил дуншсан хөгжлийн томоохон төслүүд урагшилсан ч арилгах саадууд үлдэв. Эрчим хүчний салбар хаана явааг бүгд ойлгож, хараат байдлын эрсдэлийг улсаараа мэдэрлээ.

    Дахисан рекорд ба сул үнэ

    Монгол Улсын нүүрсний экспорт энэ онд биет хэмжээгээр 2023 оны үзүүлэлтээс 20 гаруй хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчилсний сацуу Засгийн газрын тавьсан 78 сая тонны зорилтыг давах нь тодорхой болоод байна. Уул уурхайн биржийн арилжаа, хил гаалийн таатай нөхцөлөөс гадна цор ганц импортлогч БНХАУ сүүлийн хоёр жил дараалан нүүрсний импортоо түүхэн дээд түвшинд хүргэсэн нь үүнд нөлөөллөө. БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 40 гаруй хувийг Монгол Улс бүрдүүлж, бусад бүх улсыг тэргүүлсэн нь томоохон амжилт боллоо.

    unnamed (8).jpg

    Тус улсын нүүрсний импорт энэ онд 520-530 сая тонн, ирэх онд мөн 520 сая тонн давах төлөвтэй байгааг “SXCoal” мэдээлж байлаа. Хэдий тийм боловч БНХАУ-ын орон сууцны зах зээлийн уналтыг даган гангийн эцсийн хэрэглэгчийн эрэлт сул байсан нь ган үйлдвэрлэлийн үндсэн орц коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ унах шалтгаан болов.

    Оны эхний 11 сард Монгол Улс найман тэрбум ам.доллароор 74 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх онтой харьцуулбал биет хэмжээгээр 24 хувиар өссөн ч үнийн дүнгээрээ ердөө 1.5 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нүүрсний экспортын биет хэмжээг зорилт болгож, төсөвт төвлөрүүлэх орлогыг хэт өөдрөгөөр төсөөлөхгүй байхын сануулга нь энэ болж байна.

    Тэлэлт ба их наядын клуб

    Монголын Хөрөнгийн биржийн жишиг индекс 2024 оныг 51 мянган нэгжид дөхөж, түүхэн дээд түвшиндээ өндөрлүүлж байна. ТОП-20 индекс энэ онд 25 орчим хувиар өссөн бөгөөд хэрэв индексийг дагадаг ETF байсан бол он гарснаас хойш 23 хувийн өгөөж хүртэх байжээ.

    Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 орчим их наяд төгрөг хүрсэн нь 2019 онтой харьцуулахад зургаа дахин, 2020 оноос хойш дөрөв дахин тэлсэн үзүүлэлт болж байна.

    unnamed (9).jpg

    12 дугаар сарын 30-ны байдлаар Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй таван компанийн зах зээлийн үнэлгээ их наяд төгрөг давсан байна. “ХААН Банк” ХК 2.1 их наяд төгрөгийн үнэлгээгээр тэргүүлж байгаа бол “Тавантолгой” ХК 1.8 их наяд төгрөг, “Худалдаа Хөгжлийн Банк” ХК, “Голомт Банк” ХК, “АПУ” ХК тус тус нэг их наяд гаруй төгрөгийн үнэлгээтэйгээр удаалж байна.

    Авьяас тогтдоггүй Монгол

    Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс жил бүр гаргадаг Дэлхийн авьяас, ур чадварын тайлангийн 2024 оны эрэмбэд Монгол Улс мөн л сүүл мушгиж, 67 улсаас 67 дугаарт бичигдэв. Ерөнхийдөө сүүлийн жилүүдийн эрэмбэд Монгол Улс дорвитой ахих байтугай сүүлийн байраас холдсон нь тун цөөхөн байлаа.

    Тайланд хойгуур эрэмбэлэгдэж, ерөнхий оноог доош татсан шалгуур үзүүлэлтүүдэд боловсролын чанар, нэг оюутанд ногдох төсөв, багш-сурагчийн харьцаа, ажилтнуудын урам зориг, амьдралын чанар, ур чадвартай ажиллах хүч, санхүүгийн ур чадвар, олон улсын туршлага гээд хөвөрч байна.

    unnamed (10).jpg

    Ялангуяа “Brain Drain” буюу иргэд амьдарч буй улсаа орхин явах нь эдийн засгийн талаасаа ямар нөлөөтэйг хэмжих шалгуур үзүүлэлтээр 63 дугаарт бичигдсэн байна. Монгол Улсад одоогоор гадаадаас ажиллах хүч татахаас илүү дотоодын чадварлаг ажиллах хүчнээ тогтоон барих нь тулгамдсан асуудал болж буйг энэ үзүүлэлт батлан харууллаа.

    Зэрэглэл ахисан жил

    Зээлжих зэрэглэл тогтоогч топ гурван агентлаг “Fitch Ratings”, “Moody’s” болон “S&P Global” энэ онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон жилийн дараа анх удаа ахиуллаа. Хэдий тийм боловч тэдгээр агентлагуудын хянадаг орнуудаас магадгүй түүхий эдээс хамгийн өндөр хамааралтай нь гэдэг утгаараа Монгол Улсын зэрэглэл ахих, буурахад нөлөөлж болох хүчин зүйлс нэлээн онцгойд тооцогдож буй.

    unnamed (11).jpg

    Гадаад валютын албан нөөцийг хангалттай хэмжээнд хуримтлуулах, нийт гадаад өрийн хэмжээг бууруулах, өрийн менежментийг хянуур хийх замаар гадаад санхүүжилтийн эрсдэлийг багасгаснаар Монгол Улсын зээлжих зэрэглэлд цаашид эерэг өөрчлөлт оруулахад нөлөөлнө гэж “Fitch Ratings” дүгнэжээ.

    Гадаад харилцаанд “гал гарав”

    Түүхэндээ хамгийн олон гадаад айлчлал, хэлэлцээр хийсэн жилийг Монгол Улс үдэж байна. Энэ онд Ерөнхийлөгчийн түвшинд 15, УИХ-ын даргын түвшинд гурав, Ерөнхий сайдын түвшинд найм, Гадаад харилцааны сайдын түвшинд найман айлчлал хийснийг Гадаад харилцааны яам онцолж байна.

    unnamed (12).jpg

    Тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал Монгол Улсыг олон улсын анхаарлын төвд авчирсан бол БНХАУ-ын Дэд даргын айлчлалаар ХБНГУ болон Казахстаны Ерөнхийлөгч нарын айлчлалаар Монгол Улсын стратегийн түнш орнуудын тоо хоёроор нэмэгдлээ.

    Импортын үүдээ бүрэн дэлгэх үү?

    ОХУ-ын давамгайлдаг Евразийн эдийн засгийн холбоотой Монгол Улс чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах төлөвлөгөө оны эцсээр халуун сэдэв болж, дотоодын үйлдвэрлэгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дараа Засгийн газраас хэлэлцээр эцэслэн батлах ажлыг түр хойшлуулахаар шийдвэрлэв. Хэлэлцээр батлагдвал Монгол Улс тус холбооны орнуудаас 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй импортолно.

    unnamed (13).jpg

    Энэ оны тавдугаар сарын нэгнээс улаанбуудайн гурилыг гаалийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэр гарсан даруй гурилын импорт цойлж, наймдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 11.2 дахин өссөн нь чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дагавар ямар байхыг урьдчилан харуулсан гэлтэй. Импортын хаалгыг бүрэн нээснээр үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт эрс муудаж, улмаар дотоодын гурилын үйлдвэрлэл 30 орчим хувиар буурсныг ХХААХҮЯ мэдээлж байлаа.

    Тэтгэгч БНХАУ

    Дэлхийн банк шинэ тайландаа Монгол Улсын эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллөө ахиулж 5.3 хувь болгосон бол Азийн Хөгжлийн Банкны төсөөлөл 5.5 хувь, Олон Улсын Валютын Сангийнх мөн 5.5 хувь байна. Том зургаар нь харвал Монгол Улсын эдийн засгийн өсөлт бүс нутгийн хөгжиж буй орнуудын нэгэн адил БНХАУ-аас ихээхэн хамааралтай хэвээр байна.

    Тодруулбал: 1995-2019 оны хооронд БНХАУ-ын өсөлт бусад хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтөд жил бүр нэг нэгж хувийн нөлөө үзүүлж байсан бол өсөлт нь суларсан 2020-2023 оны хугацаанд 0.67 нэгж хувиар хувь нэмэр оруулсныг Дэлхийн банк тооцоолжээ.

    unnamed (14).jpg

    “Trafigura”-ийг тархидав

    Түүхий эдийн арилжааны аварга компани “Trafigura” Монгол дахь салбарынхаа ажилтнуудын луйврын шинжтэй байж болох үйл ажиллагаатай холбоотойгоор 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь Монголыг олон улсын анхааралд оруулсан саар мэдээллүүдийн нэг байлаа. Тодруулбал: Монголын ажилтнууд нь төлбөр тооцооны баримтыг хэдэн жилийн турш мэдэгдэлгүйгээр засварлаж, хугацаа хэтэрсэн их хэмжээний авлагыг нуун дарагдуулсныг ил болгосон юм.

    Тус компани 2024 оны есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн жилд 2.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан нь өмнөх жилээс 62 хувиар буураад зогсохгүй сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага дүн болжээ. “Trafigura”-ийн газрын тосны нийт арилжааны ердөө 0.3 хувийг бүрдүүлдэг өчүүхэн зах зээл Монгол Улсаас ийм том дүнтэй хохирол амссан нь компанийн хувьд маш ноцтой асуудал болж байна.

    Санхүүгийн “түргэн хоол”

    Энэ оны III улирлын үзүүлэлтийг харвал Банк бус санхүүгийн байгууллагуудын олгосон зээл 5.1 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өссөн дүн болов. Зээлдэгчдийн тоо 36.2 хувиар өссөн бөгөөд нийт зээлийн 68 хувь нь хэрэглээний зориулалтаар олгогджээ.

    Үүнийг дагаад мэдээж банк болон Банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй иргэдийн тоо ч өсөж байгаа аж. Тэдгээр иргэдийн хувьд сөрөг “шок” тулгарч, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учрах тохиолдолд банк санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк аль аль нь анхааруулсан байна.

    Ядуурал төдийлөн буурсангүй

    Энэ онд Монгол Улсын ядуурлын шугамыг 2022 оноор шинэчлэн тогтоож, насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядууралд өртсөн гэж тооцохоор болсон. Ингэснээр нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай гарч байна.

    Хоёр жил тутам гаргадаг энэ түвшин 2020 онд 27.8 хувь, 2018 онд 28.4 хувь байснаас харвал сүүлийн жилүүдэд нэг нэгж хувьд ч хүрэхгүй дүнгээр ялимгүй буурсаар иржээ.

    Судалгаанд онцолсноор Монгол Улсын насанд хүрэгчдийн сарын дундаж хэрэглээ 657 мянган төгрөг байгаагаас 30 хувь нь хүнсэнд, 42 хувь нь хүнсний бус хэрэглээнд зарцуулагддаг аж. Түүнчлэн дунджаар өрхийн нийт хэрэглээний 70 орчим хувийг хүнсний бус хэрэглээ, үлдсэнийг нь хүнсний хэрэглээ эзэлжээ.

    Cэтгэгдэл бичих