
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Хүлээлт ёсоор
2024 оны эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Дээрх үзүүлэлтийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог урсгал данс тайлант хугацаанд 231 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нүүрсний экспортын нөлөөгөөр Монгол Улсын урсгал данс өнгөрсөн онд ашигтай гарч байв. Хэдий тийм боловч бараа, бүтээгдэхүүний импортын өсөлт, нүүрсний үнийн уналтаас шалтгаалан энэ сэргэлт богино настай байна гэсэн эдийн засагчид, олон улсын байгууллагуудын төсөөлөл ийнхүү ёсоор болж байна. Тухайлбал: “Fitch Ratings” агентлагаас Монгол Улсын урсгал дансны алдагдал 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх бол 2026 онд бага зэрэг өсөж, зургаан хувь болно гэж тооцоолжээ.
Урсгал данс нь валютын ханшийн гол нөлөөлөгч хүчин зүйл болдгийн хувьд алдагдлыг дагаад төгрөгийн ханш одоогийн түвшнээсээ сулрах төлөвтэй гэж тус агентлагийн шинжээч Крисжанс Крустинс онцолж байсан юм.
Одоо л ажиллах хэрэгтэй
Монгол Улс энэ онд биет хэмжээгээр 60 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрэх нь ерөнхийдөө ойлгомжтой болсон ч төлбөрийн тэнцлийн өөрчлөлтөд голлон нөлөөлөх нүүрсний экспортын орлогын өсөлтийг өндөр түвшинд хадгалж чадах эсэх нь тодорхойгүй байна. Наймдугаар сарын эхээр Ганцмод боомтод Монголын V ангиллын түүхий нүүрсний үнэ тонн тутамдаа 20-30 юаниар буураад байгааг “SXCoal” мэдээлж байв.
Өргөн хүрээнд харвал Азийн зах зээлд коксжих нүүрсний хэрэглээ цаашид өсөх эсэх нь эргэлзээтэй тул Монгол Улс дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, хил холболтоо шуурхайлах хэрэгтэйг Эдийн засагч Н.Энхбаяр тодотгосон юм.
Ирэх онд бид валютын ханшаа савлагаагүй, тогтвортой барья гэвэл гадаад худалдааны тэнцэлд одоогоос анхаарах ёстой. Импортын тарифын бодлогодоо тодорхой арга хэмжээ авах ёстой. Хэрэв одоо авахгүй бол ирэх онд хожимдоно.