
Зургийг: Bloomberg
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс сүүлийн хэдэн өдрийн турш харилцан тарифаар мөчөөгөө өгөлгүй тэмцэлдсэний эцэст БНХАУ-ын талаас эцсийн үгээ хэллээ.
Хоосон тооны дайн
БНХАУ дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн АНУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвараа 84 хувиас 125 хувь болгон нэмэгдүүлэхээ баасан гарагт зарлав. Мөн Дональд Трампын засаг захиргааны шийдвэрүүдийг "тоглоом шоглоом болсон" хэмээн тодорхойлж, цаашид БНХАУ-д ногдуулах тарифтай холбоотой аливаа мэдэгдэлд нь ач холбогдол өгөхгүйгээ илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх БНХАУ-д 54 хувийн тариф ногдуулснаас хойш хоёр тал харилцан нэгнийхээ тарифыг нэмэгдүүлсээр сүүлийн байдлаар БНХАУ-ын тариф 145 хувь, АНУ-ынх 84 хувь болоод байв. Тарифын хувь хэмжээ цаашид нэмэгдэх нь эдийн засгийн хувьд утгагүй гэж үзэж байгаагаа Бээжингээс тодотгожээ.
"Одоогийн тарифын түвшинд АНУ-ын бараа, бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлд ямар ч үр ашиггүй болж байна. Тиймээс хэрэв АНУ цаашид БНХАУ-ын экспортын тарифыг нэмэгдүүлбэл манай улсын зүгээс ийм төрлийн арга хэмжээг үл хайхрах болно" хэмээн Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.
Мөн БНХАУ-ын Худалдааны яам баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ "Вашингтоны удаа дараалан ашиглаж буй хэт өндөр дүнтэй тарифын арга хэмжээ нь эдийн засгийн үндэслэлгүй "хоосон тоо, тоглоом шоглоом"-ноос өөрцгүй болж, "зөвхөн дээрэлхэх, хяхаж хавчих зорилготой хэрэгсэл гэдэг нь илт" хэмээн шүүмжилжээ. "Хэдий тийм боловч АНУ хэрэв хүлээсэн эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөөр байвал "БНХАУ шийдэмгий хариу арга хэмжээ авч, эцсээ хүртэл тэмцэнэ" гэсэн байна.
Хэн ч үүнийг хүсээгүй
Бээжин, Вашингтоны зөрчил сүүлийн өдрүүдэд худалдааны тарифаас хальж, үйлчилгээний салбар, аялал жуулчлал руу ороод байна. Пүрэв гарагт БНХАУ-ын эрх баригчид улсынхаа кино театруудад гаргах Холливудын киноны тоог бууруулах шийдвэрээ зарласан юм. Мөн иргэдээ зайлшгүй шаардлагагүй бол АНУ-д зорчихгүй байхыг анхааруулж, ялангуяа тус улсын зарим мужид суралцдаг оюутнуудад анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.
Жил бүр АНУ, БНХАУ-ын хооронд бараг 700 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн эргэдэг. 2025 оноос өмнө хоёр улс нэгэндээ дунджаар 20 хувь хүрэхгүй дүнтэй гаалийн татвар ногдуулдаг байсан юм. Хэрэв нөхцөл байдлыг яриа хэлэлцээрээр зөөлрүүлж чадахгүй бол АНУ, БНХАУ-ын хэрэглэгчид, компаниудын төлөх өртөг зардал эрс нэмэгдэж, цаашлаад дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд гүнзгий өөрчлөлт орох юм.
“Аль ч талын хүсээгүй дайнд бэлдэхийн төлөө АНУ, БНХАУ дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчилж байна. Үүний үр дагаврыг бусад улсууд амсаж, аль нэгэнд нь итгэх үү, эсвэл өөрсдийгөө зэвсэглэх үү гэдгийг гүнзгий, удаанаар тунгаах шаардлагатай боллоо” хэмээн “Bloomberg”-ийн нийтлэлч Даниел Тен Кэйт бичжээ.