logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эндрю Шен: Геополитикийн асуудлаас болоод хөгжингүй орнууд хамтран ажиллах сонирхолгүй байгаа нь хамгийн том асуудал
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 10 16:11
    1897
    Хонконгийн их сургуулийн "Asia Global Institute"-ийн хүндэт гишүүн Эндрю Шентэй ярилцлаа

    - Урьд байгаагүй эрчимтэй өсөлтийн мөчлөг, бодлогын хүүгийн бууралт, шинээр нэвтрүүлсэн их хэмжээний санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн улмаас 2008 оны санхүүгийн хямрал нүүрлэсэн гэж би боддог. Ингэснээр хөгжингүй зах зээлтэй орнууд цохилтод өртсөн. Энэ бол хөгжиж буй орнуудаас илүүтэй АНУ, Европ зэрэг Умард Атлантын орнуудын нэрвэгдсэн хямрал байсан л даа.

    Харин 1997-1998 оны Азийн санхүүгийн хямралд хөгжиж буй орнууд өртөж байсан. Бодлогын хүүгийн өсөлтөөс болж эдийн засаг бүхэлдээ уналтад орсон, нэг ёсондоо тайлан тэнцлийн хямрал байсан юм.

    Covid-19-ийн хямрал энэ тогтолцоонд жинхэнэ утгаараа цочроо өгсөн. Гэнэт л дэлхий нийтээр хөл хорио тогтоосон шүү дээ. Ийм нөхцөлд бид яах хэрэгтэй вэ? Гадагшаа гарч чадахгүй байгаа учраас мөнгө олох боломжгүй. Гэтэл амьдрах хэрэгтэй байдаг. Иймд төв банкнууд болон засгийн газрууд эдийн засагтай урьд байгаагүй хэмжээгээр мөнгө нийлүүлэх арга хэмжээ авсан. Хөгжингүй орнуудын Төв банкнууд долоон их наяд гаруй ам.доллар буюу асар их мөнгөн хөрөнгийг тогтолцоонд нийлүүлсэн. Үүний дараагаар Засгийн газрууд эрүүл мэндийн салбар, халдвар хамгаалал, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт чиглэлд энэ их мөнгийг зарцуулсан. 

    Энэ бүгд инфляц эрчимжихэд хүргэсэн. Яагаад гэвэл хөл хорио тогтооно гэдэг чинь бодит өсөлт гарахгүй гэсэн үг. Гэтэл мөнгөний нийлүүлэлт нэмчихээр инфляц эрчимжиж байгаа юм. Үүний хажуугаар Украины дайн гарч, хүнс, эрчим хүчний хямрал үүсгэсэн. Тэгэхээр дэлхийн мөнгөний нөөц асар өндөр түвшинд үетэй давхцаж жинхэнэ цохилт ирсэн гэсэн үг. Ингэснээр мэдээж Төв банк мөнгөний нөөцийг эргүүлэн татахад хүрсэн. Нөөц багассанаар бодит бодлогын хүү өснө гэсэн үг.

    Өмнө миний хэлсэнчлэн Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ таван хувь болгож өсгөхөд зээлийн премиум төлөх ёстой хөгжиж буй орнууд бодлогын хүүгээ долоо ба түүнээс дээш хувьд хүргэх шаардлагатай болно. Хөгжиж буй орнуудын Төв банкнууд илүү хүнд сорилттой тулгарч байгаагийн шалтгаан үүнд байгаа юм. Энэ тохиолдолд хөгжиж буй орнууд дотоодод нь инфляц тогтвортой байгаа бол бодлогын хүүгээ харьцангуй бага түвшинд хадгалж, валютаа долларын эсрэг сулруулж болно. Өнөөгийн төлөв байдлаас харвал ам.доллар чангарч, зарим хөгжиж буй орнууд өрийн хүндрэлд орсон байгаа. Эдгээр нь одоо дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй асуудал болж байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь асар том сорилт болоод байна. 

    • Бидний өмнө тулгараад байгаа энэхүү сорилтыг та хэрхэн харж байна вэ?

    - Өнөөгийн хамгийн том асуудал бол хөгжингүй орнууд геополитикийн асуудлаас болоод хоорондоо хамтран ажиллах сонирхолгүй байна. Тэгэхээр дэлхий дахины нийлүүлэлтийн сүлжээ хуваагдаж эхэлж байгаа юм. Үүний зэрэгцээ дэлхийн дулаарал урьд байгаагүй түвшинд хүрлээ. Хэдий цочирдмоор боловч тийм ч их гайхаад байхаар зүйл биш. Тухайлбал: Монгол Улсын агаарын дундаж хэмийн өсөлт аж үйлдвэржсэн орнуудынхаас хоёр дахин өндөр байна. Монгол Улс нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг орон биш шүү дээ. Хэдий тийм боловч бусад орнуудын хэт их ялгаруулалтаас болж хохирдог. Тиймээс макро дүр зургаараа бидний өмнө өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилтдоо хүрэх, мөн нийгмийн тэгш бус байдлын асуудлыг шийдэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ асар их байгаад оршино. “McKenzie Global Institute”-ийн тооцооллоор энэ дүн жилийн 7-9 их наяд ам.доллар гэж гарсан. 

    Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд шаардагдах хөрөнгө жилд 3-4 их наяд ам.доллароор дутагдаж байгаа. Тэгэхээр хэн үүнийг санхүүжүүлэх вэ? Энэ бол том асуудал. Дэлхийн банк, ОУВС зэрэг хөгжлийн олон талт агентлагуудын гаргах албан ёсны тусламж жилд 200 тэрбум ам.доллар ч хүрэхгүй байна. Дутагдсан хөрөнгийг дөрвөн их наяд ам.доллар гэж үзвэл энэ дүнг ялангуяа хөгжиж буй орнуудад зориулж хэн санхүүжүүлэх вэ? Дэлхийн уур амьсгалын дулаарлын хамгийн том хохирогч бол бид. Тухайлбал: Номхон далайн арлын улсууд далайн түвшний өсөлтөөс болж аюулд орж болно. Өмнөд Азийн орнууд гэнэтийн үер, хэт халалтад нэрвэгдэж байна. 

    Сүүлийн үед агаарын хэм үнэхээр өндөр болсон байна. Том хотуудад хэзээ ч +40 хэм хүрч халдаггүй байлаа. Ихдээ +37-38 хэм хүрдэг байсан. Гэтэл одоо дэлхийн цаг агаарын зураглалыг харвал бүр +44, +45 хэм хүрдэг болсон байна.  Энэ нь хүмүүс ган гачигт өртөж, хүнсний хомсдолд орно гэсэн үг. Үүнээс сэргийлэхэд бидэнд илүү их мөнгө шаардагдана. Гэтэл энэ цагт том гүрнүүд хамтарч ажиллахгүй байна шүү дээ. Энэ бол бидний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал.

    Cэтгэгдэл бичих