
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх хүрээнд "5Ш" ажиллагаа тэргүүтэй олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч "Transparency international" байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-т Монгол Улс байраа ахиулж чадсангүй. Тухайлбал: 2023 оны индексэд Монгол Улс 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Судалгаанд авлигын эх үүсвэр нь Төрийн алба болон Төрийн өмчит компаниудын шударга бус томилгооноос үүдэлтэй гэж үзжээ. Эдгээр томилгооноос их хэмжээний, зах зээлийн бус үнэлгээтэй, сонирхлын зөрчилтэй, монопол хэлцлүүд хийгдэж улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай гэж дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл авлигын эх үүсвэр болсон Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын компанийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй нь авлигын индексэд сөргөөр нөлөөлжээ.
Авлигатай тэмцэх газрын мэдээллээр 2023 онд авлигын гэмт хэргийн улмаас 845 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 238 тэрбум орчим төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.