logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын Монгол, Австралиас импортолсон нүүрсний хэмжээ эрс нэмэгдэж, ОХУ-аас авсан нь буурчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 22 15:00
    1311

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Монгол Улс, Австралиас авах нүүрсний хэмжээ нь эрс нэмэгдсэнээр энэ онд БНХАУ-ын нүүрсний нийт импорт 500 сая тонн давахаар байна

    Монгол Улс болон Австралиас авах нүүрсний хэмжээ нь эрс нэмэгдсэнээр БНХАУ-ын нүүрсний импортын биет хэмжээ энэ онд дахин шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байна.

    500 сая тонн давна

    Цахилгаан станцад ашиглагдах эрчим хүчний нүүрс голлон нийлүүлдэг Австралиас импортолсон нүүрсний хэмжээ оны эхний есөн сард 68 хувиар өссөнийг БНХАУ-ын Гаалийн байгууллагын тайлан харууллаа. Бээжингээс Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо 2023 оны эхээр цуцалснаас хойш худалдан авалтын хэмжээ нь үргэлжлэн сэргэсээр байгаа юм.

    Харин гангийн үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрс нийлүүлдэг Монгол Улсаас энэ оны эхний есөн сард 60 сая тонн нүүрс авсан нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

    unnamed (1).jpg

    Хэдийгээр БНХАУ сүүлийн жилүүдэд нүүрсний импортоо нэмэгдүүлж буй ч тус улсын нүүрсний нийт хэрэглээний 10 хүрэхгүй хувийг импортын нүүрс бүрдүүлсэн хэвээр байгаа аж. БНХАУ-ын Засгийн газар дотоодын олборлогч компаниудаа хамгаалах үүднээс илүү хямд үнэтэй гадаадын нүүрс худалдан авах хэмжээгээ жилд 300 сая тонноор хязгаарладаг байсан ч хожим инфляцыг сааруулж, эрчим хүчний хомсдолоос сэргийлэхийн тулд дээрх журмаа зөөлрүүлсэн юм.

    Энэ нь 2023 онд тус улсын нүүрсний импорт 62 хувиар цойлж, анх удаагаа 474 сая тонн хүрэхэд нөлөөлж байлаа. Харин энэ оны эхний есөн сард нийт 389 сая тонныг импортлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Зөвлөх үйлчилгээний “Fenwei” компанийн тооцоолсноор 2024 оны эцсийн дүнгээр БНХАУ-ын нүүрсний импортын биет хэмжээ 500 сая тонн давахаар байна.

    Нийлүүлэгч орнуудыг нийтэд нь харвал Индонез улс БНХАУ-ын нүүрсний импортын дийлэнх хувийг бүрдүүлдэг хэвээр байгаа юм. Харин хоёрдугаарт бичигддэг ОХУ-аас авах импорт тайлант хугацаанд 10 хувиар буурахад гаалийн татвар, төмөр замын тээвэрлэлтийн саад, олборлогч компаниудад нь тавьсан олон улсын хориг зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

    unnamed (2).jpg

    Монгол Улсын Засгийн газар энэ онд экспортлох нүүрсний биет хэмжээний зорилтоо нэмэгдүүлж, 78.1 сая тонн хүргэснээс гадна ирэх онд 83 сая тонн хүргэхээр төсвийн төсөлд тусгаад байгаа юм. БНХАУ жилд 3.7 тэрбум тонн нүүрс хэрэглэдгийг харвал 83 сая тонн харин ч бага тоо болохыг Сангийн сайд Б.Жавхлан ярилцлагадаа онцолж байлаа. Тиймээс ирэх дөрвөн жилд дор хаяж, 120 сая тонн хүргэхээр зорьж ажиллах хэрэгтэйг тэрбээр онцолсон юм.

    Хэдийгээр импорт өссөн ч БНХАУ-ын нүүрсний нийт хэрэглээ энэ онд төдийлөн өөрчлөлтгүй байна. Ган болон цементийн үйлдвэрлэлд ашиглагдах нүүрсний хэмжээ буурсан ч үүнийг цахилгаан станцуудын хэрэглээ нөхжээ. Дашрамд дурдахад, тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын сунжирсан хямралаас үүдэн гангийн хэрэглээ нь буурч, сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа дэлхийн нийт хэрэглээний 50-иас бага хувийг бүрдүүлэхээр байгааг Дэлхийн гангийн ассоциаци мэдээлсэн юм.

    Энэтхэг улс Монголын нүүрсийг сонирхов

    Үүнээс гадна БНЭУ ОХУ-аар дамжуулан Монгол Улсаас коксжих нүүрс тогтвортой импортлох сонирхолтой байгааг Засгийн газрынх нь томоохон албан тушаалтан “Reuters” агентлагт мэдээлжээ. Энэтхэг улс БНХАУ-ын нүүрсний транзит тээврээс хамааралтай байдлаа бууруулахыг зорьж буй тул хэдий хол зайтай ч Монголын нүүрсийг импортлох боломжийг ийнхүү судалж байгаа аж.

    Түүнчлэн Австралийн нийлүүлэлт доголдсонтой холбоотойгоор Энэтхэгийн компаниуд Монголоос нүүрс тогтвортой худалдан авах хүсэлтээ Засгийн газартаа тавьсан байна. Монголын нүүрсний үнэ Австралийнхаас тонн тутамдаа 50 орчим ам.доллароор хямд байдаг. Мөн Энэтхэгийн ган үйлдвэрлэгчид жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдгээс 85 хувийг нь импортын нүүрс бүрдүүлдэг байна.

    Cэтгэгдэл бичих