
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд БНХАУ-д дэвшилтэт хяналт, тандалтын технологиуд олноор бий болсон нь Хятадын Коммунист намд иргэдээ тагнан мөшгөх талд түүхэн дэх ямар ч дэглэмд байгаагүй их хүчийг өгчээ.
БНХАУ хяналтын технологиудаа хөгжиж буй орнуудад зарснаар тэдний энэхүү техно-авторитар жишиг улам дэлгэрэх вий гэдгээс өрнөдийн Засгийн газрууд эмээх болов. Сүүлд АНУ тэрхүү технологиудын хөгжүүлэлт, экспортыг саатуулах зорилгоор БНХАУ-ын компаниудад хэд хэдэн хориг арга хэмжээ аваад байгаа юм.
Хэдий тийм боловч БНХАУ-ын Төрийн "түмэн нүд" хэт хүчтэй байгаа нь технологийн ач тус бус, харин Коммунист намын өөр хаана ч байхгүй боловсронгуй зохион байгуулалттай холбоотой болохыг “Bloomberg”-ийн нийтлэлч Пэй Миньшинь онцлон бичиж байна. Тэрхүү өвөрмөц тогтолцоог камер, мэдрэгч, программ хангамж шиг хялбархан экспортлох боломжгүй юм.
Харин БНХАУ дэвшилтэт тоног, төхөөрөмжүүдэд хөрөнгө оруулах нөөцтэй болохоос өмнө Коммунист намын бодит болон болзошгүй аюулыг тандахын тулд ихэвчлэн өөрсдийн зохион байгуулалтын чадавх, үйл ажиллагааны шалгарсан тактикууддаа найддаг байв. Үүний онцгой амжилт нь өөр хоорондоо ялгаатай үүрэг даалгавар гүйцэтгэдэг сая сая мэдээлэгчийг элсүүлсэн явдал аж. Орон нутгийн иргэд, их сургуулиуд, Төрийн өмчит байгууллагуудад намын үүр ажиллуулдаг тул иргэдийг мэдээлэгч болоход шахалт үзүүлэх хүчтэй хөшүүрэг тэдэнд бий гэсэн үг. Энгийн иргэдийг Төрийн "нүд, чих" болгоход карьерын боломж, эд материалын шан харамж, эсвэл далд заналхийлэл ашигладаг байна.
Зарим мэдээлэгчид тэрслүү үзэлтнүүд, байнга гомдол нэхэмжлэл гаргагчид, шашны бүлэглэлийн гишүүн байх магадлалтай хүмүүс, үндэстний цөөнхийн төлөөлөл зэргийг онилдог. Бусад нь зочид буудал, худалдааны төв, галт тэрэгний буудал зэрэг олны хөлийн газруудаар эргүүл хийнэ. Харин дийлэнх нь Засгийн газрын бодлого, дотоодын болон олон улсын томоохон үйл явдлуудад олон нийтээс ямар хариу үйлдэл үзүүлж буй талаар ерөнхий мэдээлэл өгдөг байна.
Пэй Миньшиний тооцоолсноор БНХАУ-ын цагдаа, орон нутгийн удирдлагуудын элсүүлсэн мэдээлэгчдийн тоо 14 сая буюу нийт хүн амын нэг хувьд дөхөх аж. Энэ нь Берлиний хана нурахаас өмнө Зүүн Германд байсан иргэд, мэдээлэгчдийн харьцаатай ойролцоо тоо юм.