logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголбанк бодлогын хүүгээ дахин нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болголоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 13 14:19
    480

    Зургийг: Монголбанк

    Эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэснээ Монголбанк онцоллоо

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. 

    Жил гаруйн хугацаанд бодлогын хүүгээ 13 хувьд хадгалсны эцэст өнгөрсөн гуравдугаар сард анх удаа бууруулаад байсан Төв банк ийнхүү ирэх зургаадугаар сард болох ээлжит хурлаа хүлээлгүйгээр дээрх  шийдвэрийг гаргахад зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад орчны төлөв, эрсдэл нөлөөлснийг мэдэгдэлдээ дурджээ.

    Мөн энэ шийдвэр нь эдийн засгийн дунд хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой бөгөөд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нь нийцэж буйг онцлов.

    Дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр Монгол Улсын инфляц 6.4 хувьтай гарч, сүүлийн гурван жилийн доод түвшинд очиж саараад буй. Цалин тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг эргэн нэмэгдүүлэх эрсдэлтэй ч нөлөө нь хүлээлтээс бага байгаа тул инфляцын богино хугацааны төсөөллөө бууруулснаа Монголбанк мөн тэмдэглэв.

    Олон Улсын Валютын Сан дөрөвдүгээр сард гаргасан тайландаа сонгууль угтсан цалингийн өсөлт, мөнгө тараалт нь дотоод эрэлтийг нэмэгдүүлж, улмаар инфляц оны эцсээр өсөхөд нөлөөлөх ч нөгөө талдаа гадаад валютын орох урсгал өндөр, импортын бараа, бүтээгдэхүүний эзлэх жин буурч буй тул ирэх онд зорилтот түвшиндээ эргэн орно гэсэн төсөөлөл гаргаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих