Зургийг: Bloomberg
FOMO буюу хоцрохоос айх айдсын шинэ давлагаа бүрэлдэж буй энэ үед АНУ-ын мега үнэлгээтэй технологийн компаниудын хувьцаа өдгөө ганц найдвартай тоглоом мэт санагдах боллоо. Хэдий тийм боловч зарим стратегичид технологийн томчуудын “хөөсрөлт” эхэлснийг анхааруулж байхад зарим нь хамгийн өсөлттэй хувьцаануудын үнэлгээг тодорхой хэмжүүрээр харвал тийм ч айхавтар хөөргөдөөгүй байгаа гэж маргаж байна.
Хөөс үүссэн ч бай, үгүй ч бай яг одоо хөрөнгө оруулалтын далай шиг их боломж байсаар байгааг 100 мянган ам.доллароо “хааш нь хийх” тухай хашир туршлагатай мөнгөний менежерүүдийн өгсөн зөвлөгөөнүүд сануулж байна.
УРТ ХУГАЦААНЫ ӨСӨЛТИЙГ ЭРЭЛХИЙЛ
Гол санаа: Зах зээлийн дундаж өсөлтөөс давсан өсөлт үзүүлэх боломжтой хувьцаануудад хөрөнгө оруулахын тулд бид үнэлгээ нь тэнгэрт тулчхаагүй ч ашгийн өсөлтийн потенциал өндөртэй, санхүүгийн үзүүлэлт сайтай, мөн хангалттай бэлэн мөнгөний урсгалтай компаниудыг хайж байна.
Стратеги: Урт хугацааны хөрөнгө оруулагчийн хувьд бид богино хугацааны өсөлтийн боломж болоод урт хугацаанд тогтвортой өгөөж өгөх потенциалыг тэнцвэртэй авч үзэхэд үргэлж анхаардаг. Сүүлд хөрөнгө оруулалтын багцдаа нэмсэн хувьцаануудын цөөн жишээ гэвэл:
- eBay(EBAY) бол үнэ цэнтэй нь харьцуулахад харьцангуй боломжийн үнэтэй ч олны хайрыг төдийлөн татаагүй хувьцаа. P/E буюу үнэ ашгийн харьцаа нь 10x. Одоо тус компани ашигт ажиллагаа болоод хувьцаа эзэмшигчдийн хүртэх өгөөжид илүү их анхаарал хандуулж буй.
- Тайванийн “ASE Technology Holding”бол хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээн дэх жинтэй тоглогч бөгөөд үнэт цаас нь (ADR) АНУ-ын санхүүгийн зах зээлд ASX тикертэйгээр арилждаг. Тус компани хагас дамжуулагч үйлдвэрлэлийн сүүлийн шат болох сав баглаа, туршилтын үйлчилгээ үзүүлдэг. Хиймэл оюуны салбар дахь ширүүн өрсөлдөөнийг дагасан эрэлтийг хангахаар үйлдвэрлэгчид уралдацгааж буй энэ үед хагас дамжуулагчийн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж буй нь ASE-д түлхэц болж буй юм.
- “Applied Materials”-ийн хувьцааг боломжийн үнэтэй, чанартай хэмээн тодорхойлж болох бөгөөд ашгийн өсөлт нь ч анхаарал татахуйц. Хиймэл оюуны чипийн эрэлтээр “ивээгдэж” буй тус компани хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээн дэх бас нэгэн чухал тоглогч ба дэвшилтэт чипийн үйлдвэрлэлд ашиглагддаг чухал төхөөрөмжийг нийлүүлдэг. “Forward PE” харьцаа нь 23 бөгөөд нэгж хувьцаанд ногдох чөлөөт мөнгөн урсгалыг нэгж хувьцаанд ногдох зах зээлийн үнэлгээнд харьцуулсан харьцаа нь өндөрт тооцогдох түвшинд байна.
Том зургаар: Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзвэл технологийн салбарын болон зах зээлийн дунджаас давсан өсөлтийн потенциалтай хувьцаанууд хэсэг зуур мандаж байна гэж болно. Хэдий тийм боловч үнэлгээ нь хэтийдэж, позицууд ч олширч буй зэрэг нь хөрөнгийн захад давлагаа эсрэг зүгт эргэх үед дунд хугацааны өгөөжид ихэвчлэн нөлөөлдөг хүчин зүйлс гэдгийг санах хэрэгтэй.
ТӨРӨЛЖҮҮЛЭЛТ ЧУХАЛ
Гол санаа: Өнөөгийн зах зээлийн орчинд төрөлжүүлэлт болон стратегийн тараан байршуулалт нь гол зэвсэг.
Стратеги: Технологи, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн салбарын чиг хандлагуудыг авч үзвэл 100 мянган ам.долларын тодорхой хэсгийг эдгээр салбарын ETF-үүд, хувьцаануудад оруулснаар багагүй өгөөж хүртэх боломжтой. Эдгээр динамик салбаруудад хөрөнгө оруулалтаа тараан байршуулж, хажуугаар нь илүү тогтвортой, орлого сайтай хэрэгслүүдээр тэнцвэрээ хадгалах нь эрсдэлээ удирдаж, өгөөжөө сайжруулах үндэс болно.
Том зургаараа: Технологийн эрчимтэй хувьсал үргэлжилж, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, үүлэн технологийн чиглэлд тэргүүлж буй компаниуд найдлага төрүүлж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахины хүчин чармайлт эрчимжсэнээр сэргээгдэх эрчим хүчний салбар өсөлтийн сайн потенциал харуулж, ялангуяа нар, салхины эрчим хүч, цэнэг хуримтлуурын технологи дахь хөрөнгө оруулалт сонирхол татах боллоо.
Эцэст нь инновац, даван туулах чадвараа хадгалж буй эрүүл мэндийн салбарт шинэ эмчилгээ, вакцин зэрэг нээлтүүдээр биотехнологийн компаниуд түүчээлж байна.
БАГА ҮНЭЛГЭЭТЭЙ КОМПАНИУДЫГ СУДАЛ
Гол санаа: Мөчлөгийн яг ийм үед бага үнэлгээтэй компаниудын хувьцааны ханш хамгийн их өсдөг түүхэн хандлага бий тул тэдгээрийг хөрөнгө оруулалтын багцдаа нэмснээр хожих боломж өндөр. Ялангуяа бага үнэлгээтэй бүлэг дунд хиймэл оюунаас ихийг олох потенциалтай “дараагийн эрэмбийнхэн” оршиж байгааг анхаарууштай.
Стратеги: 2023 он бол мега үнэлгээтэй компаниудын хувьцааны жил байсан нь ямар ч эргэлзээгүйг “Гайхамшигт 7”-ийн тэргүүлэл нотолж байна. Өсөлт нь “S&P 500 Index”-ийн бусад компаниудыг тоосондоо булсан болохоор үүнээс боломж гарч ирж байгаа юм. Үнэлгээтэй нь харьцуулбал тэдний орлого хангалттай байгаагүй. “S&P 500 Index”-ийн “Топ 10” хувьцаа тус индексийн бараг гуравны нэгийг эзэлж буй ч орлого нь тус индексэд бүртгэлтэй компаниудын нийт орлогын 25 хувьд ч хүрэхгүй байна.
Харин бага үнэлгээтэй компаниуд дундаас программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд онцгойрч байгаа юм. Компаниуд энэ цагийн хамгийн чухал хэрэгцээ болох кибер аюулгүй байдалд бүрэн анхаарч, IT хариуцсан захирлууд тооцоолж болох ирээдүйн тэргүүлэх зорилтуудынхаа нэгдүгээрт тавьж байгаа тул программ хангамжийн компаниуд бүтээмжээ огцом өсгөх боломжтой.
Том зургаараа: Орлогын өсөлтийн өмнө хувьцааны ханш өсөж, эдийн засгийн өсөлтийн өмнө компаниудын орлого нэмэгддэг хандлага ажиглагддаг. 2024 оны эцэс, 2025 оны эхээр эдийн засгийн өсөлт эрчимжих хүлээлттэй байгаа энэ үед бага болон дунд үнэлгээтэй компаниудын хувьцаа хөрөнгийн зах зээлд өнгөлөх магадлалтай.