logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Bye Mongolia: Монголд “идээшээгүй” хөрөнгө оруулагчид ба сургамж
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 30 11:30
    541

    Зургийг: С.Батсайхан

    Гадаадын хуулийн фирмүүдийн дийлэнх нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголыг орхижээ

    1990 оноос хойш Монгол Улсад 15 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж бүртгүүлснээс өдгөө 5400 гаруй нь татан буугдсаныг маргаан дагуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлж байв. Тогтворгүй бодлого, гэрээгээ биелүүлдэггүй байдал, маргаан гомдол шийдвэрлэх эрх зүйн орчны дутагдалтай талууд нь гадаад валютын орох урсгал татрахад нөлөөлсөн хүчин зүйлсийн дөнгөж эхний хэсэг нь. Ойрын жишээ гэвэл Монголын уул уурхайн хамгийн том төсөл хэрэгжүүлэгч компани болон Засгийн газар хоорондын татварын маргаан 2018 оноос хойш үргэлжилж, цаашлаад олон улсын арбитрын шүүх дээр очсон ч өнөөг хүртэл нэг талдаа гараагүй байна. 

    unnamed (3).jpg

    Хөрөнгийн урсгалын гол үзүүлэлт болох Монгол Улсын хөрөнгийн ба санхүүгийн данс 2009-2023 онд дунджаар 171.47 сая ам.долларын алдагдалтай явж ирснийг Монголбанкны тоо мэдээллээс харж болохоор байгаа юм.

    Энэхүү хөрөнгө оруулалтад ээлгүй байдлыг илтгэж, сүүлийн жилүүдэд Монголд идээшиж чадалгүй гарсан, мөн гарахаар төлөвлөж буй гадаадын томоохон компаниудаас танилцуулъя.

    “Mongolia Growth Group”

    Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ эрхэлдэг “Mongolian Growth Group” өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол дахь бизнесээ зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Эдийн засаг сэргэлгүй хэт удсанаар өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажилласан нь дээрх шийдвэрт нөлөөлснийг тус компани онцолсон байна. 2023 оны III улиралд “Mongolian Growth Group” Монголд байршилтай сүүлийн үл хөдлөх хөрөнгүүдээ зарж дуусгасан бөгөөд он дуусахаас өмнө Монгол Улс дахь үйл ажиллагаагаа бүрэн эцэслэж гарахаар байгаагаа мэдээлж байлаа.

    “Kincora Copper”

    2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандаж, сунжирсан хуулийн маргаантай нүүр тулаад байсан “Kincora Copper” Монгол дахь хөрөнгүүдээ худалдахаар төлөвлөснөө өнгөрсөн оны дундуур мэдээлжээ. Тодруулбал: “Kincora Copper”-ийн Монгол дахь 100 хувь эзэмшдэг хөрөнгө, хайгуулын лицензийн багцад хөндлөнгийн стратегийн үнэлгээг эхлүүлэхээр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл шийдвэрлэснийг албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.

    unnamed (4).jpg

    Хууль буцаан үйлчилсэн шинжтэй татварын үндэслэлгүй ногдуулалт, мөн Татварын Ерөнхий газрын аргачлал, маргаан шийдвэрлэх процесс нь Монгол Улсад цаашид хийгдэх их хэмжээний хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна хэмээн “Kincora Copper”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Спринг тухайн үед онцолж байв.

    “Parabellum Resources”

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Parabellum Resources” компани Монголын газрын ховор элементийн “Хотгор” төсөлд хамааралгүй болсноо өнгөрсөн сард мэдэгдсэн юм. 30 хувийг нь эзэмшдэг, гол түнш “Temarise” нь “Хотгор” төслийн 80 хувийг авах 15 сая ам.долларын хөрөнгийг хугацаанд нь босгож чадаагүйгээс “Parabellum Resources” Монгол дахь төлөвлөгөөнөөсөө буцжээ.

    “Sumitomo” ба “MUFG”

    Монголд 10 гаруй жил Төлөөлөгчийн газраа ажиллуулсан Японы “Sumitomo Mitsui”, “MUFG” банкнууд сүүлийн жилүүдэд хоёулаа нутаг буцах шийдвэр гаргасан билээ. Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд гадаадын “Standard Chartered”, “ING”, “Bank of China”, “ICBC”, “MUFG”, “SMBC” гэсэн зургаан банкны Төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон ч өдгөө эдгээрээс БНХАУ-ын хоёр банк л тунаж үлджээ.

    Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх асуудал удаан хугацаанд яригдсаны эцэст Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдаад буй.

    Бүр урагшилбал…

    Дээр дурдсан компаниуд, банкнуудаас гадна сүүлийн 10 жилийн хугацаанд Монголыг орхисон дараах компаниудыг онцолж болохоор байна.

    • Centerra Gold: Канадын уул уурхайн аваргын хувьд 2018 онд “Boroo Gold”, “Gatsuurt Gold” төслүүдийнхээ бизнес нэгжийг худалдаж, Монголоос гарч байв.
    • Anglo American: 2012 оны Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа Монголоос гарсан олборлогчдын хамгийн том нь “Anglo American” байв. Тус компани 2012 онд Монголд Төлөөлөгчийн газраа нээсэн ч уул уурхайн чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсаар 2015 онд гарчээ.
    • Үүнээс гадна “MinterEllison”, “Hogan Lovell” зэрэг гадаадын хуулийн фирмүүдийн дийлэнх нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголыг орхижээ.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих