
Зургийг: Gobi Cashmere
Өнгөрсөн оны есдүгээр сард “Мон бийф” хувьцаа эзэмшигчдээсээ хувьцаагаа буцаан худалдан авахаа зарлаж хаалттай компани болсон нь Монголын хөрөнгийн захад ховор тохиолддог үйл явдал байлаа. Учир нь IPO хийснээсээ хойш төд удалгүй ийм шийдвэр гаргасан юм. Тэгвэл энэ удаа “Таван Богд”-ын хөрөнгө оруулалттай өөр нэг компани болох “Говь” ХК мөн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шийдвэр гаргалаа.
Юу болов?
Говь ХК-ийн ТУЗ нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь болох Таван Богд Холдингс ХХК-д бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах эрхийг олгохоор шийдвэрлэснийг МХБ мэдээлэв. Таван Богд Холдингс-ийн эзэмшлийн хувь гуравдугаар сард хийгдсэн багцын арилжаагаар 75 хувийг давсан тул Компанийн тухай хуулийн дагуу дээрх эрхийг хэрэгжүүлэх боломжтой болжээ.
Эргэн сануулахад, Таван Богд Холдингс Говь ХК-ийн 34 хувийг эзэмшдэг байсан Японы Hide Inter компаниас нийт эзэмшдэг хувьцааг нь 65.6 тэрбум төгрөгөөр худалдан авч байв. Ингэснээр Говь ХК-ийн 85.29 хувь нь монгол хөрөнгө оруулагчийн эзэмшилд шилжсэн юм. Жижиг хөрөнгө оруулагчдын тоо өөрчлөгдөөгүй гэж үзвэл үлдсэн 14.71 хувийг нийт 23,988 хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа гэсэн үг аж.
Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнийг 268.26 төгрөгөөр тогтоосон нь Говь ХК-ийн хувьцааны сүүлийн ханшаас 0.6 хувиар өндөр дүн болж байна. Мөн хувьцааг худалдан авах саналын дуусах хугацааг зургаадугаар сарын 5-наар тогтоожээ.
Заавал худалдах албагүй
Мон бийф ХХК-ийн хувьд хэлбэрээ өөрчлөх зорилгоор хувьцаагаа буцаан худалдан авсан бол Говь ХК нь хуулийн дагуу буцаан худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа гэдгээрээ ялгаатай аж. Тиймээс компанийн жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдаалах эсэх нь өөрсдийнх нь эрхийн асуудал бөгөөд заавал худалдах албагүй гэдгийг Таван Богд Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ онцолсон юм.
"Таван Богд Холдингс ХХК Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд Говь ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа худалдан авах санал гаргасан. Харин жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Заавал худалдах үүрэг байхгүй. Үүнийг Мон Бийф компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, биржийн бүртгэлээс хассантай ижилтгэн ойлгох нь өрөөсгөл юм.
Дашрамд дурдахад Говь ХК бүрэн хувьчлагдах үе буюу 2007 оны I сард хувьцааны ханш 17.5 төгрөг байсан бол одоо 260 төгрөг болсон байна. Төгрөгөөр 15 дахин өссөн бол ам.доллароор 5 дахин өссөн гэсэн үг. Монголын үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулж, 17 жилийн хугацаанд эзэмшлээ дахин өсгөж, эцэст нь амжилттай гарч чадсан гадаадын хөрөнгө оруулагчид олон биш болов уу"
Дээрх шийдвэрийг гаргаснаар Говь ХК мөн хэлбэрээ өөрчилж ХХК болохоор төлөвлөж байна уу гэсэн таамаг үүсээд буй. Тэгвэл компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн ханш өнөөдөр компанид буцааж зарах ханштай ойролцоо тул жижиг хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа зарахгүй байх магадлал өндөр болохыг Ти Ди Секьюритис ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Билэгжаргал тодотголоо.
"Олон нийтийн эзэмшлийн хувь болон хөрөнгө оруулагчдын тоо буурах болно. Компани өөрсдийн ирээдүйн ажиллагаандаа итгэлтэй байх, зах зээл дэх хувьцааны ханш бодит үнэ цэнээс бага байгаа гэж үзэх, мөн олон нийтийн хараа хяналтыг бууруулах, цаашид хаалттай компани болох үүднээс ч тус шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.
Компани алдагдалтай ажиллаж байсан, эх үүсвэрийн бүтэц асуудалтай зэрэг шалтгаанууд бий. Гэхдээ Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн гол тоглогч, олон улс дахь тэлэлт зэрэг компанийн ирээдүйн үйл ажиллагаанд итгэн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид хувьцаагаа алдагдалтай зарах нь тохиромжгүй байгаа юм"
"Говь ХК-ийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах шийдвэр нь компанийн хяналтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг өсгөх, нэгж хувьцаанд ногдох ашиг зэрэг санхүүгийн гол үзүүлэлтүүдийг сайжруулах стратегийн алхам болж байна. Мөн энэ шийдвэр нь компанийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоход чиглэж, ирээдүйн өсөлтөд бэлтгэх зорилготой байж магадгүй юм.
Хувьцаагаа эргүүлэн худалдан авах шийдвэрийн цаана дараах шалтгаанууд байж болно. Үүнд олон нийтэд нээлттэй хувьцааны тоог цөөлж, гол хувьцаа эзэмшигчдийн нөлөөг тэлэх, хувьцаа нь доогуур үнэлэгдэж байна гэсэн дохиог олон нийтэд өгөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмснээр урт хугацаандаа хувьцааны ханшийг өсгөх зэрэг нь багтана.
Харин жижиг хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргахаасаа өмнө компанийн өсөлтийн төлөв, зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хувийн санхүүгийн хэрэгцээ, урт хугацааны санхүүгийн зорилгод нийцэх эсэх зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн одоогийн ханштай нь харьцуулахад багахан буюу 0.6 хувиар л өндөр үнээр урт хугацааны боломжит өсөлтийг солих хэрэгтэй юу гэдэг нь бас чухал. "
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com