logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тайланд улс жолооч нараас “түгжрэлийн хураамж” авч, Бангкокийн замын ачаалал, бохирдлыг бууруулахаар төлөвлөжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 14 16:55
    570

    Зургийг: Andre Malerba/Bloomberg

    2023 онд Бангкок хотын 10 сая оршин суугч ойролцоогоор дөрөв хоног, 12 цагийг зам дээр түгжрэн өнгөрөөсөн гэсэн судалгаа байна

    Тайланд улс нийслэл Бангкок хотынхоо агаарын бохирдол, авто замын түгжрэлийн асуудлыг бууруулахын тулд жолооч нараас “түгжрэлийн хураамж” авдаг болохоор төлөвлөж байна. Ингэснээр тус хот ийм төрлийн бодлогын арга хэмжээ нэвтрүүлсэн Азийн хоёр дахь том хот болох юм.

    “Түгжрэлийн хураамж” гэдэг нь хотыг бүсчлэн хувааж, тухайн бүсэд нэвтэрсэн автомашин тутмаас төлбөр авна гэсэн үг юм. Хотын аль хэсгийг төлбөртэй бүс болгож, хэр хэмжээний хураамж тогтоох, мөн хураамж авдаг болсноор эдийн засгийн үр ашиг хэр түвшинд байхыг тус улсын Зам, тээврийн яам одоогоор боловсруулж байгааг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна. Түүнчлэн цуглуулсан хураамжийг хотын нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний тасалбарыг тогтсон тарифтай болгох Засгийн газрын төлөвлөгөөнд зарцуулахаа онцолжээ.

    2023 онд “TomTom” компанийн гаргасан дэлхийн авто замын түгжрэлийн индексэд Тайландын нийслэл түгжрэлээрээ 46 дугаарт эрэмбэлэгдэж байв. Хотын 10 сая оршин суугч өнгөрсөн онд ойролцоогоор дөрөв хоног, 12 цагийг зам дээр түгжрэн өнгөрөөсөн гэсэн судалгаа байдаг аж.

    Түүнчлэн Бангкок хотын агаарын бохирдол ноцтой түвшинд хүрч, сүүлийн хэдэн сарын турш бохирдлын зэрэглэл “эрүүл мэндэд хортой” түвшинд хадгалагдсан байна. Бохирдол нэмэгдсэн нь хувийн тээврийн хэрэгслийн өндөр ашиглалт болон ойролцоох мужуудад тариалангийн талбайн өнжмөл өвс шатааж байгаатай холбоотой гэж үзжээ.

    Тайландын эрх баригчид дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ бүсчилсэн хураамжийн аргаар оргил цагийн замын ачааллыг дорвитой бууруулж чадсан Лондон, Сингапур, Стокхольм, Милан зэрэг хотын жишгийг дагах болохыг холбогдох яамнаас мэдээлсэн байна. Мөн Бангкокт хэрэгжүүлэх төлөвлөгөөний нарийн мэдээллийг ирэх оноос танилцуулахаар байгааг мэдээлжээ.

    Өмнө нь Тайландын тээврийн салбарын удирдах байгууллагууд ХБНГУ-ын “Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit” Хөгжлийн агентлагтай хамтран таван жилийн хугацаатай судалгаа хийж, Бангкокийн ялгаатай бүсүүдэд 50 батаас (1.30 ам.доллар) 120 бат хүртэлх хураамж тогтоосноор эдийн засгийн үр ашиг хэр байхыг судалж байв.

    Cэтгэгдэл бичих