
Сүүлийн 50 гаруй жил ажиглагдаагүй их цастай өвөл болж, Монгол Улсын нийт орон нутгийн иргэдийн 80 орчим хувийн амьжиргааг хангадаг мал аж ахуйд аюул нүүрлээд байна. Зудын гамшгийн хариу арга хэмжээ, мөн хохирлыг багасгах даатгалын системийн нөхцөл байдлыг харцгаая.
Хүнд үе нь өнгөрөөгүй
Цаг наашлах хүртэл авч хэрэгжүүлэх зудын гамшгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөнд нэмж 4.6 сая ам.долларын санхүүжилт шаардлагатайг НҮБ анхааруулж байна. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 6.3 сая ам.доллароос 1.7 сая ам.доллар нь бүрджээ.
Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Монгол Улсад агаарын дундаж хэм цельсийн 2.46 хэмээр нэмэгдсэний сацуу байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин өсөж, хохирлын хэмжээ нь жилд ойролцоогоор 50-70 тэрбум төгрөг хүрч байгааг НҮБ-ын тайланд дурджээ. Тэр дундаа сүүлийн 10 жилийн зургаа нь зудтай байжээ.
Онцгой хахир хатуу байгаа энэ жилийн зудын хамгийн хүнд үе өнгөрөөгүй бөгөөд малын хорогдол оргилдоо хүрэх цаг II-IV сарын хооронд тохиохоор байгааг НҮБ мөн анхааруулсан байна. ОБЕГ-ын сүүлийн мэдээллээс харвал малын хорогдол тав хоногийн өмнө 667 мянга байсан бол энэ сарын 21-ний байдлаар 1.5 сая хүрч, эрс өсжээ.
Түрхэн зуурын дулаарал, цочир хүйтрэлийн улмаас цасны өнгөн хэсэгт мөсөн бүрхэвч тогтож, мал бэлчих боломжгүй болохыг хэлдэг шилэн зуд хамгийн сүүлд 2010 онд тохиоход Монгол Улсын нийт мал сүргийн 25 орчим хувь буюу 10.3 сая толгой мал үрэгдсэн аж.
Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийн 13 орчим хувийг бүрдүүлдэг ч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд эзлэх жин сүүлийн дөрвөн жилийн хоёрт нь хасах утгатай байсан нь байгаль, цаг уураас шалтгаалсан малын хорогдолтой шууд холбогдох юм.
Даатгал хангалтгүй байна
Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдийн амьжиргаа эрс муудаж, цаашлаад өрийн дарамтад орохоос сэргийлэхэд даатгалын үйлчилгээ мөн ихээхэн нөлөөтэй. 4.9 сая мал хорогдсон 2023 онд мал, амьтдын даатгалын нөхөн төлбөр өмнөх оноосоо 353.2 дахин өссөн байна.
Хэдий тийм боловч нэг малчны хотонд гарсан хорогдлоор бус харин сумын хэмжээнд гарсан нийт хорогдлоор тооцон нөхөн төлбөрийг олгодог, их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх зорилготой даатгалын бүтээгдэхүүн болох малын индексжүүлсэн даатгалд хамрагдалт бага байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайландаа онцолж байв.
“Үндэсний давхар даатгал” ХК-ийн мэдээлснээр 2022 онд 27.5 мянган өрх малаа индексжүүлсэн даатгалд хамруулсан байсан нь нийт малчин өрхийн ердөө 14.4 хувийг эзлээд зогсохгүй хамрагдалт нь өмнөх оноосоо 21 хувиар буурчээ.
“157 мянга гаруй малчин өрхийн 18 мянга нь даатгалд бүртгэлтэй. Өдөр тутам хөдөлгөөнд оролцож буй 100 автомашины долоо нь даатгалтай. Ийм эрсдэлийг хандив тусламжаар биш даатгалын системээр давах ёстой” гэж “Мандал Санхүүгийн Нэгдэл”-ийн Ерөнхий эдийн засагч Г.Батзориг байр сууриа илэрхийллээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com