
Зургийг: Nathan Laine/Bloomberg
Илон Маск “Nvidia” компаниас “Tesla”-д зориулж худалдан авсан хиймэл оюуны чипүүдийг "X" болон "xAI" компаниудад шилжүүлэн тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр мягмар гарагт “X”-ийн жиргээндээ “Tesla”-д “Nvidia”-ийн чипийг үр дүнтэй ашиглахад тохирох төхөөрөмж, систем байхгүй байгааг тодотгожээ.
Илон Маск өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр компанийнхаа I улирлын орлогын тайланг танилцуулах үедээ “Tesla” компани “Nvidia”-ийн 35 мянга орчим “H100” чипийг идэвхтэй ашиглаж байгаа. Оны эцэс гэхэд 85 мянга орчим чип ашиглана гэж таамаглаж буйгаа илэрхийлсэн гэж “Nvidia”-ийн ажилтнууд мэдээлж байсан юм. Мөн тэрбээр дөрөвдүгээр сарын 28-нд “X” платформдоо “Tesla” энэ онд хиймэл оюунд 10 тэрбум ам.доллар зарцуулна гэж бичиж байжээ.
Илон Маск мягмар гарагт бичсэн жиргээнүүдийнхээ нэгэнд “Tesla” энэ онд хиймэл оюунд зарцуулах төсвөө бүгдийг нь “Nvidia”-д зарцуулах боломжгүй бөгөөд зардлынхаа тал орчим хувийг дотооддоо зарцуулна гэж бичсэн байна.
“Tesla” компани автомат жолоодлогын технологи хөгжүүлэхээр өөрсдийн супер компьютерын хөгжүүлэлтэд төвлөрөн ажиллаж байгаа юм.
Сүүлийн байдлаар буюу мягмар гарагт Илон Маск “Tesla” энэ онд “Nvidia”-аас хамгийн ихдээ 3-4 тэрбум ам.долларын худалдан авалт хийх байх гэж мэдэгдсэн байна.
Тавдугаар сард “Tesla”-ийн Шанхай дахь үйлдвэрийн нийлүүлэлтийн үнийн дүн он гарсаар гурав дахь удаагаа буурсан үзүүлэлттэй гарсан юм. Харин өрсөлдөгч бусад автомашин үйлдвэрлэгчдийнх нь нийлүүлэлт сайн байснаас харахад БНХАУ дахь өрсөлдөөн улам ширүүсэж байгаа аж.
БНХАУ-ын Суудлын автомашины холбооноос мягмар гарагт гаргасан урьдчилсан мэдээллээр “Tesla”-ийн дотоодод болон экспортод зориулсан автомашины нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар буурч, 72 мянга 573 нэгж болсон байна. Хэдий тийм боловч энэ нь дөрөвдүгээр сартай харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Салбарын хэмжээнд цахилгаан автомашины бөөний худалдаа 910 мянган нэгж болсон нь жилийн өмнөхөөс ойролцоогоор 35 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Энэ нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулсан болон Засгийн газрын татаас эрэлтийг дэмжихэд түлхэц болж байгааг харуулж байна.