
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
2024 онд гадаадын хөрөнгө оруулагчдын тоо үргэлжлэн нэмэгдвэл Японы хувьцааны зах зээлийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.
“TOPIX” болон “Nikkei 225” индексийн дундаж 2023 онд 20 гаруй хувиар өсөж, сүүлийн 33 жилийн дээд түвшинд хүрсэн нь Азийн бусад улсын хөрөнгийн захын ихэнх жишиг үзүүлэлтүүдийг гүйцээд байна.
Бүх голлох валюттай харьцах иений ханш унаснаар Японы автомашин үйлдвэрлэгчид болон технологийн компаниудын хувьцааны ханш 33 орчим хувиар өссөн байна.
11 дүгээр сарын эхнээс иений ханш өссөн ч харьцангуй сул хэвээр байгаа юм. Харин нөгөө талдаа Японы хувьцаануудын ханш тогтвортой байгаа нь тус улсын аж ахуйн нэгжүүдийн орлого гадаад валютын хэлбэлзэлд өртөмтгий биш байгаатай холбоотой гэж үзэж байна.
Харин иений ам.доллартой харьцах ханш 11 дүгээр сарын 14-нөөс хойш үргэлжлэн чангарч мягмар гарагийн өглөөний байдлаар 142 нэгжийн түвшинд арилжаалагдаж байна.
Үүнээс гадна Япон улс бодлогын хүүгээ өөрчилснөөр дотоодынх нь арилжаа эрчимжинэ гэж “Morgan Stanley” мэдээллээ. “Morgan Stanley Japan Holdings” компанийн Гүйцэтгэх захирал Альберто Тамурагийн хэлснээр “Сүүлийн улирлуудад Японы Төв банк Засгийн газрын бондын өгөөжийг сулруулахад авсан алхмууд нь тогтмол орлоготой зах зээлийг сэргээхэд түлхэц болсон” байна.
Мөн тус улсын Төв банкнаас 2016 оноос хойш баримталж буй сөрөг мөнгөний бодлогын циклийг зогсоовол хөрөнгө оруулагчдын арилжааны идэвхийг улам эрчимжүүлэх боломжтой гэж мэдээлжээ.