
Зургийг: Paul Yeung/Bloomberg
Жил бүр уламжлал болгон хийдэг чуулга уулзалтаа энэ долоо хоногт Вашингтонд эхлүүлж буй Олон Улсын Валютын Сан дэлхийн санхүүгийн бодлого тодорхойлогчдыг чадалтай байгаа дээрээ улсын төсвийн бодлогоо засаж, бүсээ чангалахыг анхааруулж байна.
Хүн бүрийн асуудал
Эрин үеийг ч тодорхойлох боломжтой АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, дэлхий нийт инфляцын хямралыг бараг ардаа орхиод буй энэ үед улс орнуудын сайд нар, Төв банкны удирдлагууд цуглах Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны 2024 оны чуулга уулзалт ихээхэн анхаарал татаж байна.
ОУВС-ийн Төсвийн хяналтын судалгаанд тооцоолсноор дэлхийн Засгийн газруудын нийт өрийн түвшин энэ онд 100 их наяд ам.доллар хүрэх бөгөөд үүний дийлэнх хувийг АНУ, БНХАУ тайлбарлахаар байгаа аж. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 93 хувьтай тэнцэх энэхүү “уул овоо” шиг их өр нь дэлхий нийтэд хүнд ачаа болж буйд санаа зовниж байгаагаа тус байгууллагын захирал Кристалина Георгиева өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн юм.
“Удаан өсөлт, их хэмжээний өр хосолсон хүндхэн ирээдүй айсуйг бидний төсөөлөл харуулж байна. Засгийн газрууд өрийн хэмжээг бууруулахаар ажиллаж, дараагийн “шок”-ийг зөөлрүүлэх жийргэвчээ дахин бэлтгэх ёстой. “Шок” ирэх нь тодорхой, бидний хүлээлтээс эрт ирж ч болзошгүй” хэмээн тэрбээр өгүүлжээ.
ОУВС-ийн төсөөлснөөр Засгийн газруудын нийт өр цаашид жил бүр тогтвортой өсөж, 2030 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 100 хувьд хүрэх буюу яг тэнцэх төлөвтэй байгаа аж. Хэдийгээр дэлхийн улс орнуудын гуравны хоёрт нь өрийн хэмжээ тогтворжих, эсвэл буурахаар байгаа ч цар тахлын өмнөх төсөөллөөс хамаагүй дээгүүр түвшинд байхыг мөн онцолжээ. Түүнчлэн томоохон эдийн засагтай орнуудын өрийн хэмжээ хүн бүхэнд хамааралтай асуудал болж, тэр дундаа АНУ, БНХАУ-ын өр нэмэгдсэний нөлөө бусад улсад зээлийн өндөр өртөг, гадаад өрийн эрсдэл болж ирэхийг анхааруулсан байна.
₮55 их наяд хаанаас олох вэ?
Уул уурхайн экспортын сайн гүйцэтгэлийн ачаар 2023 онд Монгол Улсын урсгал данс болон төсвийн тэнцэл ашигтай гарч, улмаар Засгийн газрын өрийн хэмжээ болон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа нь буурахад нөлөөлсөн. Хэдий тийм боловч Монгол Улсын гадаад санхүүжилт түүхий эдийн өөрчлөлтөд эмзэг хэвээр тул төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, алдагдалтай төсөв удаан хадгалагдсанаар Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа ихээхэн дүнгээр тэлж болзошгүйг үнэлгээний “Fitch”, “Moody’s” зэрэг агентлагууд саяхан Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулахдаа анхааруулж байлаа.
Ирэх жилүүдэд “мега төсөл” болгон хэрэгжүүлэхээр байгаа 14 төсөлд 120 их наяд төгрөг шаардагдахыг Засгийн газар төсвийн төлөвлөгөөндөө тусгаад байна. Үүнээс 65 их наяд төгрөгийн санхүүжилтийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэхээ танилцуулж буй. Тэгвэл цаана нь үлдэх, хаанаас гарах нь тодорхойгүй 55 их наяд төгрөгийг дахин улсын болон хувийн төсвөөр санхүүжүүлэх боломжгүй гэж харж байгаагаа “Ти Ди Секьюритис ҮЦК”-ийн Дэд захирал Г.Энхбат онцолж байв.
Одоогийн өрийн таазны хэмжээндээ “тулгаж” зээл санхүүжилт татлаа гэхэд 20 их наяд төгрөгийг нь шийдэж болох ч багадаа дахиад 35 их наяд төгрөг буюу одоогийн ханшаар 10.3 тэрбум ам.доллар дутахаар байна.
“Техник талаас харвал энэ хэмжээний санхүүжилт ирэх дөрвөн жилд, цаашлаад 2032 он хүртэл олдох боломж багатай. Нэг бол их хэмжээний өр тавина, эсвэл Засгийн газрын хэрэгжүүлэх төслүүдээс зарим нь биелээд, зарим нь биелэхгүй байх магадлал өндөр байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа