logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Якоб Стаусхолм: “Rio Tinto” сүүлийн 5 жилд $50 тэрбумын ногдол ашиг олгосон
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 22 09:30
    573

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    "Rio Tinto" компани нэгж хувьцаандаа 2.58 ам.долларын ногдол ашиг олгоно

    “Rio Tinto” компанийн ашиг өнгөрсөн онд 12 хувиар буурсан ч хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 2.58 ам.долларын ногдол ашиг олгохоор болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ. “Rio Tinto”-ийн ашиг 2023 онд 12 хувиар буурч, 11.8 тэрбум ам.доллар болсныг тайлагнаад байгаа юм.

    Шинээр литийн уурхай худалдан авахаас илүүтэй Серби, Аргентин улс дахь өөрсдийн төслүүддээ анхаарал хандуулахаар төлөвлөж байгаагаа "Rio Tinto" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Bloomberg Brief"-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.

    - Өнгөрсөн онд манай компанийн хувьд хөрөнгийн өгөөж (ROCE) 20 хувьд хүрсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд энэ үзүүлэлт 28 хувьтай байсан. Бид өндөр ашигтай бизнес удирдаж байна. 2023 онд бид бизнесээ гурван хувиар тэлсэн. Тийм болохоор бидний ашигт ажиллагаа өсөн нэмэгдсээр байна. Миний бодлоор бид маш их баялаг, боломж, бололцоогоор дүүрэн цаг үед амьдарч байна. Жишээлбэл: эрчим хүчний шилжилтэд бидний нийлүүлдэг хөнгөн цагаан, зэс болон ган зэрэг түүхий эд улам их шаардагдаж байна. Энэ утгаараа бидний бизнесийн өсөлт хяналтад байна. Энэ нь ч манай нийлүүлэгчдэд болоод дэлхий нийтэд шаардагдаж буй зүйл. Энэ ажлыг бид ашигтайгаар хийж байна.

    - Хэдий тийм боловч танай компанийн өсөлт саарч байна. Өсөлт буурсан хэвээр байх уу, таны хэлсэнчлэн өсөх орон зай бий бол хөрөнгө оруулагчдад тараах ногдол ашигт сөргөөр нөлөөлөх үү? Та ногдол ашгийг арай өндөр тогтоож болохгүй байсан уу?

    - Манай компани хамгийн өндөр ногдол ашиг тараадаг компаниудын нэг гэдгийг дурдмаар байна, ногдол ашгийн өгөөж зургаан хувь. Сүүлийн таван жилд ашгийнхаа 60 хувийг ногдол ашиг болгон олгосон. Өөрөөр хэлбэл өнгөрсөн таван жилийн хугацаанд 50 тэрбум ам.долларын ногдол ашиг тараасан. Энэ утгаараа маш их ногдол ашиг тараадаг. Үүнээс гадна бид өнгөрсөн онд 150 жилийн ойгоо тэмдэглэсэн. Бид өнө удаан жил үйл ажиллагаа явуулж байна. Мөн ирэх 150 жилд ч оршин тогтнох хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл бид үнэ цэн бүтээж чадна гэдэгтээ итгэдэг. Хэдийгээр бид ногдол ашиг тараах хүсэлтэй байдаг ч бид үүнээс гадна өндөр ашигтай хөрөнгө оруулалтын боломжийг алдахгүй байхыг боддог.

    - Цахилгаан автомашины зах зээлийг харахад үйлдвэрлэгчдэд дарамт ирж байгаа. Тэд зардлаа танацгааж байна. Эрэлтийн болоод үнийн асуудал байна. Одоо тулгамдаж буй асуудлууд үнэхээр бодитой байна шүү дээ. Эрэлтийн энэ асуудал нь танай компанийн литийн эрэлт хэрэгцээ, цэнэг хураагууртай холбоотой шийдвэрт хэрхэн нөлөөлж байна вэ? Танай компани ч бас үйлдвэрлэлээ багасгах шаардлагатай гэсэн үг үү?

    - Ихэнх цэнэг хураагуурт их хэмжээний лити ордог нь үнэн. Цэнэг хураагуурын эрэлт хэрэгцээ зөвхөн өсөн нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн цахилгаан автомашины хэрэгцээнд биш. Суурин цэнэг хураагуурын зах зээл цахилгаан автомашиныхаас ч хурдацтай өсөж байна. Цахилгаан автомашины эрэлт улирал тутамд өсөж, буурна гэж би бодож байна. Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад цахилгаан автомашин үйлдвэрлэлийн цар хүрээ тэс өөр түвшинд очсон. Тийм болохоор цэнэг хураагуурын эрэлт өсөх нь дамжиггүй. Энэ нь цахилгаанжуулалттай дөрөө харшуулаад явж байна. 

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих