
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Монголын импортын барааны дийлэнх хэсэг нь дамждаг Тяньжин боомтод чингэлгийн бөөгнөрөл нэмэгдэж, цар тахлын үеийнхтэй төстэй гэж болохоор нөхцөл байдал үүсээд байгааг тээвэр зуучлагчид, логистикийн компаниуд мэдээлж байна.
Танил дүр зураг
Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлснээр тавдугаар сарын сүүлийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд 5250 орчим чингэлэг Монгол руу ачигдахаар хүлээгдэж байгаа аж. Дөрөвдүгээр сарын эхэн үеийн мэдээллээс харвал Монгол руу явах 3650 чингэлгийн үлдэгдэлтэй байжээ. Харин боомтод төмөр замын бус талбайд хүлээгдэж буй чингэлгүүд нэмэгдсэнээр 7000 гаруй болоод байгааг салбарын гол төлөөлөгчдийн нэг “Монложистикс” компани мэдээлэв.
Мөн Тяньжин боомтын транзит чингэлэг тээврийн хүлээлгийн хугацаа 70-80 хоног, түүнээс ч дээш байж болох бөгөөд зургаадугаар сард ч нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэйг тус компани харилцагчдадаа анхааруулжээ. Түүнчлэн нэг чингэлэгт 30-40 хувийн нэмэлт зардал гарч буйг тодотголоо.
Хүлээгдэх хугацаа уртассанаас үүдэх хамгийн том эрсдэл бол тээврийн зардлын өсөлт. Тээврийн зардал өссөнөөр бизнесүүд бараа бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүй байдалд хүрч, улмаар инфляцын өсөлтийг ч өдөөх боломжтой. Бидний хүлээлтээр энэ нөхцөл байдал богино хугацаанд шийдэгдэхгүй, муугаар бодоход он дуустал үргэлжлэх магадлалтай. Тиймээс бизнесийн байгууллагууд эрсдэлийг харж, татан авалтаа урьдаас төлөвлөх нь зүйтэй.
Шалтгаан, гарц
АНУ, Турк болон Азийн бусад улс орнуудаас Монгол руу нэвтэрдэг нийт бараа материалын 80 гаруй хувь нь дамжин өнгөрдөг тус боомтоор хэвийн үед өдөрт 1.5-2 цуваа галт тэрэг Монгол Улс руу гардаг байсан бол тавдугаар сард өдөрт дунджаар нэг цуваа гарсан нь чингэлгийн бөөгнөрөл үүссэн гол шалтгаан болжээ. Нөгөө талд иений ханшийн уналтыг даган хуучин автомашины импорт нэмэгдсэнтэй холбоотойг “Монложистикс Ворлдвайд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал И.Цогбаяр тайлбарласан юм.
Япон улсаас импортолсон автомашины тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 2.5 дахин өссөн нь Тяньжин боомт дахь Монгол руу ачигдах чингэлэг тээврийн ачааллыг 25 орчим хувиар нэмсэн тооцоололтой байгаа аж.
Чингэлэг бөөгнөрлийг бууруулах хамгийн ойрын арга хэмжээ нь авто тээвэр байхаар байна. “Монложистикс”-ийн зүгээс хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн яаралтай барааг шуурхай гаргаж өгөх, мөн чингэлгүүдийг төмөр замын терминалаас автомашинууд руу шилжүүлэн ачих боломжоор хангах хүсэлтийг БНХАУ-ын холбогдох байгууллагуудад тавиад байгаагаа мэдээлсэн юм.
Тавдугаар сарын статистик үзүүлэлтээр Монгол Улсын импортын ачаа тээвэр 7.5 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс гурван сая тонноор нэмэгдсэн бөгөөд тээсэн ачаа эргэлт 27.3 хувиар өсөж, 50.1 сая тонн хүрсэн байна. Үүнээс 32.6 сая тонн нь авто тээврээр, 17.5 сая тонн нь төмөр замаар тээсэн ачаа байгааг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com