Зургийг: AFP/Getty Images
БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнийн уналт үргэлжлэх төлөвтэй байна. Нүүрсний хэрэглээ буурсан ч нүүрсний импорт тогтвортой байгаа, мөн усан цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэл эрчимжиж байгаагаас нүүрсний үнэ дөрөвдүгээр болон тавдугаар сард саарах төлөвтэй байгаа аж. Харин тавдугаар сарын эцсээр нүүрсний үнэ эргэн сэргэх төлөвтэй байна гэж шинжээчид тооцоолжээ.
Тус улсын нүүрсний жилийн импорт өнгөрсөн оны түүхэн дээд түвшинд хүрэхгүй ч өсөлттэй байх таамагтай байна.
Оны эхний улиралд БНХАУ-ын далайгаар тээвэрлэж импортолсон нүүрсний хэмжээ 97.45 сая тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өсжээ.
Үүнээс гадна БНХАУ-ын макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайн гарсантай холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ эргэн сэргэж, тонн нь 100 ам.доллар давлаа.
Сингапурын биржид төмрийн хүдрийн ханш дөрөв гаруй хувиар өсөж, нэг тонн нь 103 ам.доллар болоод байна. Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сард хамгийн доод түвшиндээ хүрснээс хойш эргэн өсөж буй үзүүлэлт боллоо.
БНХАУ-ын “China Industrial Futures” компани Засгийн газраас нь эдийн засгаа дэмжих арга хэмжээ явуулж байгаа учраас барилгын болон үйлдвэрлэлийн салбар хоёулаа эргэн сэргэх боломжтой гэж илэрхийлээд байна.