
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Хэдхэн сарын өмнө “Samsung Electronics” компани хиймэл оюуны тэсрэлтээс өндөр ашиг хүртэх хамгийн сайхан боломжийг атгасан мэт харагдаж байлаа. Тус компанийн ашиг цойлж, хувьцааны ханш нь бүх цаг үеийн дээд түвшин рүүгээ чиглэж байв. Гэтэл одоо технологийн дэвшилтэй хөл зэрэгцсэн нь л ихийг хүртдэг тус салбарт хөрөнгөө алдах ямар амархан байж болохыг “Samsung Electronics” харууллаа.
Хөрөнгө оруулагчдаа алдсаар
БНСУ-ын хамгийн томд тооцогддог тус компани хиймэл оюунт санах ойн чип үйлдвэрлэлээр нутаг нэгт “SK Hynix”-т, чипийн гэрээт үйлдвэрлэлээр Тайванийн "Taiwan Semiconductor Manufacturing Company" (TSMC)-д давуу талаа алдах нөхцөл үүсжээ. Аравдугаар сарын эцсийн байдлаар “Samsung Electronics”-ийн хувьцааны ханш долоодугаар сарын есөнд хүрч байсан дээд түвшнээсээ 32 хувиар унаад байв. Энэ хугацаанд тус компанийн зах зээлийн үнэлгээнээс 122 тэрбум ам.доллар арчигдсан нь салбартаа байхгүй тааруу үзүүлэлт боллоо.
“Samsung Electronics” компани өрсөлдөх чадвараа сэргээхийн тулд томоохон өөрчлөлт хийхээ амлаад байгаа ч “Pictet Asset Management”, “Janus Henderson” зэрэг хөрөнгө оруулалтын фирмүүд ойрын хугацаанд амлалт нь биелнэ гэдэгт итгэхгүй байгаа бололтой. Долоодугаар сарын эцсээс хойш гадаадын хөрөнгө оруулагчид нь “Samsung Electronics”-д эзэмшдэг нийт 10.7 тэрбум ам.доллартой дүйцэх хувьцаагаа заржээ.
Юунаас болов?
Ухаалаг гар утас, гэр ахуйн цахилгаан бараа “Samsung Electronics”-ийн нийт борлуулалтын дийлэнх хувийг бүрдүүлсэн хэвээр байгаа ч сүүлийн жилүүдэд хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь хамгийн их ашиг авчирчээ. Гэвч чипийн бизнес нь хямралд орж, тайлан нь урам хугалсантай холбоотойгоор тус компани өнгөрсөн сард хөрөнгө оруулагчдаасаа хүлцэл өчсөн нь ховорхон үйл явдал байлаа. Тодруулбал: тус компани хиймэл оюунт процессортой хосолж ажилладаг өндөр хурдтай “HBM” санах ойн чипээ “Nvidia”-д нийлүүлж, ихээхэн бизнесийн үүдийг нээнэ гэдэгт хөрөнгө оруулагчид нь саяхан хүртэл итгэлтэй байжээ.
Харин аравдугаар сарын эхээр тус компани хамгийн сүүлийн үеийн “HBM” чипийн үйлдвэрлэл нь саатсаныг хүлээн зөвшөөрснөөр тэрхүү итгэл бүдгэрсэн байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө “SK Hynix” компани ижил төрлийн чипийн бүрэн хэмжээний үйлдвэрлэл эхлүүлснээ зарлаад байв.
“Samsung хагас дамжуулагч үйлдвэрлэлийн бизнест технологийн хувьд тэргүүлэгчийн байр сууриа алдаж байна. Энэ талбарт богино хугацаанд давуу талаа олж авна гэдэг хэцүү” хэмээн “Pictet Asset Management”-ийн хөрөнгө оруулалтын менежер И Юн Жэ тодотгов.
“Samsung Electronics”-ийн энэ түүх нь өнөөгийн чипийн салбарт ялагч, ялагдагч тодроход хиймэл оюун хэрхэн гол хүчин зүйл болж байгааг тодотгон харуулж байна. Хөрөнгө оруулагчид нь олноороо “Samsung”-ийг орхиж байхад “Nvidia” дэлхийн хамгийн том компани болоод авлаа. Мөн “Nvidia”, “Apple”-ийн загварчилсан чипийг үйлдвэрлэдэг “TSMC” энэ онд үнэлгээгээ 330 тэрбум ам.доллароор өсгөөд байна.