logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ТОП-20 индексийн компаниуд нийт цэвэр ашгийнхаа бараг тэн хагасыг ногдол ашигт хуваарилж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 26 13:57
    741

    Зургийг: Montsame

    Сүүлийн хоёр долоо хоногт МХБ-д бүртгэлтэй компаниуд ногдол ашгийн шийдвэрээ гаргасаар ерөнхийдөө шувтарч байна. Аль нь хамгийн өндөр дүнтэй, аль нь хамгийн өндөр өгөөжтэй, аль нь цэвэр ашгийнхаа хамгийн их хувийг хувьцаа эзэмшигчдэдээ хүртээж буй нь мэдээж анхаарал татна.

    Өгөөж, үнийн дүнгээр тэргүүлэгсэд

    Сүүлийн байдлаар нийт 41 хувьцаат компани 1.06 их наяд төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд байгаа нь түүхэн дээд дүн болж буй. Энэ дундаас одоогоор 14 нь ТОП-20 индекст багтдаг компаниуд байна. Эдгээр 14-ийн 2024 оны нийт цэвэр ашиг 2.2 их наяд төгрөг байгаагаас бараг тэн хагасыг нь (48.8 хувь) хувьцаа эзэмшигчдэдээ хүртээхээр болжээ. Харьцуулбал 2023 онд ТОП-20-ийн компаниуд цэвэр ашгийнхаа дунджаар 36.4 хувийг тараасан бол 2024 онд 42.3 хувийг тараасан байна.

    984654654.jpg

    Компаниудын ногдол ашгийн нийт үнийн дүнгийн 35.3 хувийг дангаараа бүрдүүлснээрээ ХААН Банк ХК энэ үзүүлэлтээрээ хоёр жил дараалан тэргүүллээ. Харин цэвэр ашигт эзлэх хувиар нь харвал Гутал ХК цэвэр ашгийнхаа 99.56 хувийг олгохоор шийдвэрлэж, хамгийн “өгөөмрөөр” тодорч байна.

    Ногдол ашгийн өгөөжийг II сарын 24-ний хаалтын ханшаар тооцвол Тавантолгой 20.2 хувь, Хаан Банк ХК 15.3 хувь, Монголын Хөрөнгийн Бирж ХК 12.6 хувийн өгөөжтэйгөөр тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Дашрамд дурдахад Худалдаа Хөгжлийн Банк ХК аудитлагдсан санхүүгийн тайлан гарсны дараа ногдол ашгийн дүнгээ мэдээлэх юм.

    Төвлөрлийн гор

    Ногдол ашгийн дүн ийнхүү дорвитой нэмэгдсэн ч дийлэнх нь цөөн тооны том хөрөнгө оруулагчдад ногдохоор байна. Тодруулбал ердөө 130 орчим том хөрөнгө оруулагчид энэ жил 897 тэрбум төгрөгийн ногдол ашиг очих бол давхардсан тоогоор 237.5 мянган жижиг хөрөнгө оруулагч 145.7 тэрбум төгрөг хүртэх нь. Өөрөөр хэлбэл хөрөнгийн захын арилжааны 1/3-ийг бүрдүүлдэг жижиг хөрөнгө оруулагчдад нийт ногдол ашгийн 14 хувь ногдож байна.

    56445421.jpg

    Монголын хөрөнгийн захын хөрвөх чадвар тааруу, мөн том, жижиг хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн хуваарилалт өндөр зөрүүтэй байгаа нь өнөөх л хувьцааны хэт төвлөрлөөс үүдэлтэй үр дагавар юм. Мөн ногдол ашгаас төр бас хувь хүртдэгийг дурдах хэрэгтэй. Хуваарилсан ногдол ашгийн дүнд 5 хувийн татвар суутгадаг тул ТОП-20-ийн компаниудын ногдол ашгаас улсын төсөвт 50.6 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

    Т.Тэргэл, Б.Бат-Очир

    Cэтгэгдэл бичих